Трамп БНАСАУ-д авсан хоригийг сунгав

Трамп БНАСАУ-д авсан хоригийг сунгав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын эсрэг дангаар авсан хориг арга хэмжээг дахин нэг жилээр сунгалаа гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

2008, 2010, 2011, 2015, 2016 болон 2017 онд Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан хэд хэдэн зарлигийн үндсэн дээр тавьсан хоригийг хэвээр үлдээхийг заасан Пёньяны эсрэг онц байдал зарлах хугацааг сунгасан байна. Тухайн үед АНУ-ын эрх баригчдын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь БНАСАУ үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, дамжуулахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн байв.

“Солонгосын хойгт цөмийн материал дэлгэрүүлэх эрсдэл хэвээр байгаа бөгөөд БНАСАУ-ын Засгийн газрын бодлого АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт аюул учруулсан хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор би Умард Солонгостой холбоотойгоор зарласан онцгой байдлын хугацааг нэг жилээр сунгаж байна” гэж Трамп мэдэгджээ. Өмнө нь сунгасан хугацаа энэ оны зургадугаар сарын 26-нд дуусах аж.

АНУ, БНАСАУ-ын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон билээ. Уулзалтын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан юм. Тухайн үед Вашингтон аюулгүй байдлын баталгаа олгосны хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хариуцлагыг БНАСАУ хүлээсэн юм. Гэсэн хэдий ч 2019 оны хоёрдугаар сард Ханойд болсон хоёр улсын хоёр дахь дээд хэмжээний уулзалт үр дүнгүй өндөрлөсөн билээ.

Хоёр улсын удирдагчид мөн 2019 оны зургадугаар сарын 30-нд хоёр Солонгосын хилийн Панмүнжом тосгонд богино хэмжээний уулзалт хийж, ажлын түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон хэдий ч хожим нь Стокгольмд болсон ажлын хэсгүүдийн уулзалт үр дүнд хүрээгүй юм.

https://montsame.mn/mn/read/228818

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.