Өнгөрсөн онд дүрвэгчдийн тоо 80 саяд дөхжээ
Дэлхийн хүн амын 1 гаруй хувь нь дүрвэгч эсвэл шилжин суурьшигчид бөгөөд тэдний тоо өнгөрсөн 12 сарын хугацаанд 9 сая орчмоор нэмэгдсэн гэж НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын жил тутмын тайлан мэдээнд дурджээ.
2019 оны эцсийн байдлаар дэлхий даяар 79.5 сая хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрчээ. Үүний 45.7 сая нь улс орон дотроо шилжин суурьшсан бол 29.6 сая нь хил даван дүрвэсэн бөгөөд 4.2 сая хүн гадаадад орогнох эрх авах үйл явц дуусахыг хүлээж байна. 2018 онд дэлхий даяар дүрвэгч, шилжин суурьшигчдын тоо 70.8 сая байжээ.
НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээллээр, сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар дүрвэгч, шилжин суурьшигчдын тоо 41 саяас хоёр дахин нэмэгдсэн бөгөөд 77 хувь нь удаан хугацааны туршид харь нутагт үлдэхээс аргагүй байдалд байна. Нийт дүрвэгчдийн гуравны хоёр нь Сири, Венесуэл, Афганистан, Өмнөд Судан болон Мьянмар гэсэн таван улсын иргэд байна гэж НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн газрын тайланд тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.