Цар тахал “Бүс ба зам” санаачилгын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлжээ
“COVID-19” цар тахал Хятадын “Бүс ба зам” санаачилгын төслүүдийн хэрэгжилтийн 60 орчим хувьд нь сөргөөр нөлөөлсөн хэмээн тус улсын Гадаад хэргийн яамны олон улсын эдийн засгийн газрын тэргүүн Ван Сяолун мэдэгджээ.
“Төслийн хэрэгжилтийн 20 хувьд нь цар тахал маш их сөрөг нөлөө үзүүлсэн бол 40 хувьд нь ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлжээ. Үлдсэн 40 хувь нь хэвийн байдлаар хэрэгжиж байгаа бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй. Олон улсын нийлүүлэлтээ хадгалан авч үлдэх, эдийн засгийн бүх түнштэйгээ нягт харилцаа холбоотой байхын тулд эрх баригчид хүчин чармайлт тавин ажиллана. Нөхцөл байдал удахгүй хэвийн болж, эпидемиологийн нөхцөл байдлыг хяналтандаа авч чадна гэж бид найдаж байна” гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан байна. "Хятадын Засгийн газар хил дамнасан урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд хэрэгжилтийг ахицтай байлгахын тулд хүчин чармайлт гаргах болно. Зарим төслүүд удааширч байгаа ч нэг ч төсөл зогсонги байдалд ороогүй” гэдгийг Ван Сяолун онцолжээ.
БНХАУ-ын дарга Си Жиньпиний 2013 онд гаргасан “Бүс ба зам” санаачилга нь Хятад төдийгүй гадны хөрөнгийг ашиглан аль болох олон орныг оролцуулсан олон улсын олон талт худалдаа хөрөнгө оруулалтын төслүүдийг эрчимжүүлэх зорилготой юм. Энэ санаачилгад хэдийнээ 150 гаруй улс, олон улсын байгууллага нэгдээд байгаа юм.
“Бүс ба зам” санаачилгад оролцогч орнуудын эдийн засагт Хятадын оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 5 сарын хугацаанд 16 хувиар нэмэгдэж, 6.53 тэрбум ам.долларт хүрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.