Трампын цуглаанд тооцоолж байснаас цөөн хүн иржээ

Трампын цуглаанд тооцоолж байснаас цөөн хүн иржээ

АНУ-ын Оклахома муж улсын Талса хотод болсон Ерөнхийлөгч Дональд Трампын цуглаанд 6200-гаас цөөн хүн оролцсон гэж тус хотын Гал түймэртэй тэмцэх газар мэдээлжээ. Д.Трампын кампанит ажлын багийнхны хувьд цуглаанд урьдчилан тооцоолж байснаас цөөн хүн ирсэнд жагсагчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг буруутгажээ.

Гал түймэртэй тэмцэх газар 19 мянга гаруй хүн хүлээн авах боломжтой “Bank of Oklahoma Center”-т цугласан олныг хянасан бөгөөд арын албаны ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхийг нийт тоонд оруулаагүй байна. Д.Трампын кампанит ажлын олон нийттэй харилцах асуудлыг хариуцсан дарга Тим Мурто дээр дурдсан тоотой санал нийлэхгүй байгаа бөгөөд тэрбээр, металл илрүүлэгчээр 12 мянган хүн нэвтэрсэн гэж мэдээлжээ.

Талсад болох цуглаанд нэг сая гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн гэж кампанит ажлын ажилтнууд мэдээлж байжээ. Мөн орон нутгийн төлөөлөгчийн мэдээлснээр, цуглаан болох төвийн гадна 100 мянган хүн ирэх төлөвтэй байжээ. Гэсэн хэдий ч ийм олон хүн цуглаагүй тул төвийн гадна явуулах үйл ажиллагааг цуцлахад хүрсэн байна. Д.Трампын кампанит ажлын багийн мэдээлснээр, “радикал” жагсагчид металл илрүүлэгчдийг хаахыг оролдож, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ерөнхийлөгчийн дэмжигчдийг үргээх оролдлого хийсэн ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.