Үлэг гүрвэлийн эрин үеийн хамгийн том өндөг олджээ
Чилийн эрдэмтэд 66 сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан далайн мөлхөгчдийн чулуужсан өндөг олжээ. Тус улсын их сургуулийн мэдээлснээр, эрдэмтдийн илрүүлсэн өндөг нь ийм олдворууд дундаа хамгийн том нь аж.
Уг өндөг нь 6.5 кг жинтэй, 30 орчим см урт бөгөөд Антарктидын хойгоос зүүн хойд зүгт орших Сеймур арлаас олджээ. “Энэхүү олдворын ачаар бид мезозойн эсвэл үлэг гүрвэлийн эрин үед далайн том мөлхөгчид хэрхэн үрждэг байсан талаар илүү их зүйлийг мэддэг болно” гэж малтлагад оролцсон, Чилийн Байгалийн түүхийн үндэсний музейн палеонтологич Давид Рубилар сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Эрдэмтэд олдвороо мозазаврусийн өндөг гэж таамаглаж байгаа аж. Эдгээр далайн мөлхөгчид нь 66-82 сая жилийн өмнө амьдарч байжээ. Энэхүү өндгийг гаргасан эм мөлхөгч нь 7-17 метрийн урттай байсан аж.
Дээрх олдворыг 2011 онд хийсэн малтлагын үеэр олж илрүүлжээ. Палеонтологичид олдвороо Жон Карпентерын 1982 онд бүтээсэн Антарктидын туйлын станц дээрх харь гаргийн амьтдын тухай аймшгийн киноны нэрээр " The Thing" гэж нэрлэсэн байна. Найман жилийн турш судалсны эцэст эрдэмтэд олж илрүүлсэн өндөг нь эртний хэвлээр явагчийн өндөг гэж итгэлтэйгээр мэдэгдэж буй нь энэ аж.
Энэхүү олдвор нь үлэг гүрвэлийн эрин үеийн хамгийн том өндөг болсон бол бүх түүхийн хугацаанд хамаарах өндөгнүүдээс хэмжээгээрээ хоёрдугаарт оржээ. Уг өндгийг зөвхөн эпиорнис шувууны өндөг л давах аж. Тэмээн хяруултай төстэй эдгээр шувууд нь 17-р зууны дунд үе хүртэл Мадагаскарт амьдарч байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.