НҮБ тэмцлээ зогсоохыг Афганистаны сөргөлдөгч талуудад уриалжээ

НҮБ тэмцлээ зогсоохыг Афганистаны сөргөлдөгч талуудад уриалжээ

НҮБ дайсагнасан үйлдлүүдээ нэн даруй зогсоохыг Афганистаны Засгийн газрын цэргүүд, “Талибан” хөдөлгөөнд уриалжээ. НҮБ-ын Афганистан дахь тусламжийн газар талуудын мөргөлдөөний улмаас хохирч буй эмнэлгийн ажилтнуудын тоо нэмэгдэж буйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

АНУ, “Талибан” өнгөрсөн хоёрдугаар сард найрамдлын хэлэлцээр байгуулсан хэдий ч хоёр талын тэмцэл үргэлжилсээр байгааг уг байгууллагын тайланд тэмдэглээд, Афганистаны зүүн нутгийн Кунар мужид гуравдугаар сард Засгийн газрын зөвшөөрөлтэйгээр үйлчилгээ үзүүлж байсан эмнэлгийн таван ажилтныг талибууд барьцаалсныг дурджээ.

Мөн дөрөвдүгээр сард зүүн нутгийн Нангархар мужийн эмийн санд талибуудын нуусан тэсрэх төхөөрөг дэлбэрсний улмаас найман хүн шархадсаны дунд нэг эмч байжээ. Үүнээс гадна Афганистаны Нисэх хүчин тавдугаар сард хойд нутгийн Кундуз муж дахь талибуудыг онилон эмнэлгийн гадна агаарын цохилт өгсний улмаас хоёр эмнэлгийн ажилтан хөнгөн шархдаж, уг барилга сүйдсэн байна.

Шинэ коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор Афганистан эрүүл мэндийн сул тогтолцоогоо сайжруулах сорилттой тулгараад байгаа энэ үед эдгээр халдлага болж байгааг НҮБ-ын Афганистан дахь тусламжийн газраас ням гарагт гаргасан тайланд онцолжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.