Трамп зарим ангиллын ажлын виз олгохыг түр зогсоожээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп америкчуудад ажлын байрыг чөлөөлөх зорилгоор зарим ангиллын ажлын виз олгохыг түр зогсоох захирамжид гарын үсэг зурлаа гэж Цагаан ордон мэдээлжээ.
“Америкийн ажилчид манай эдийн засгийн бүх салбарт ажлын байрны төлөө гадаадын иргэдтэй өрсөлддөг. Түр зуурын хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр нь ердийн нөхцөлд манай эдийн засагт үр өгөөжөө авчрах боломжтой. Гэвч “COVID-19” халдвар дэгдсэний улмаас эдийн засгийн идэвхжил буурч байгаа онцгой нөхцөл байдалд түр ажил эрхлэх боломжийг олгодог цагаачлалын бус зарим визийн хөтөлбөрүүд нь америк ажилчдын хөдөлмөр эрхлэлтэд онцгой аюул учруулж байна” гэж тогтоолд дурдсан байна. Үүнтэй холбогдуулан Трамп H-1B, H-2B, J болон L ангиллын визийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл олгохгүй байхыг захирамжилжээ.
Захирамжийг дахин сунгаж магадгүй байна. "Зургадугаар сарын 24-ний өдрөөс хойш 30 хоногийн дотор болон захирамж хүчин төгөлдөр болсноос хойш 60 хоног тутамд Дотоодын аюулгүй байдлын сайд Төрийн нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн сайдын хамтаар шаардлагатай тохиолдолд ямар нэгэн өөрчлөлт хийхийг зөвлөж байна" гэж баримт бичигт дурджээ.
Сүүлийн хэдэн жил Вашингтоны засаг захиргаа H-1B виз олгох хөтөлбөрийг чангатгахыг оролдсоны улмаас виз хүссэн өргөдөлд зөвшөөрөл өгөх нь багассан байна. Тусгай мэргэшлээр ажилладаг гадаадын иргэдэд олгодог H-1B виз нь ажиллах эрх бүхий АНУ-д түр оршин суух виз бөгөөд ихэвчлэн 3 жилээр оршин суух эрхтэй байдаг байна. Харин энэхүү визийг зарим компани америкчуудыг ажлаас нь халах зорилгоор урвуулан ашигладаг гэж уг хөтөлбөрийг шүүмжлэгчид үзэж байгаа аж.
H-4 визийг H-1B виз эзэмшигчдийн ойрын төрөл саданд олгодог бол H-2 виз нь хөдөө аж ахуй, барилга, ойн аж ахуй болон бусад олон салбарт түр хугацаагаар ажиллах гадаадын ажилчдад олгодог байна. H-2B хөтөлбөр нь АНУ-ын ажил олгогчдод хөдөө аж ахуйн бус ажлыг гүйцэтгэх, нэг удаагийн, түүнчлэн улирлын чанартай ажилд ажиллуулах зорилгоор гадаадын хүмүүсийг ажилд авах боломж олгодог ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.