Коронавирусний тархалт эрчтэй, аюултай үедээ иржээ
Коронавирусний халдвараараа дэлхийд тэргүүлж байгаа орнууд болон хөрш зэргэлдээх улсуудад нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе.
АНУ-д халдвар залуусын дунд голомтлон гарч байгаа аж. Манай олон аймагтай хил залгаа оршдог Буриад, Тува улс, Чита мужид халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байна. Эрхүү мужид хоногт хамгийн олон буюу 19 тохиолдол шинээр нэмэгджээ. Сүүлийн сар гаруйн хугацаанд Эрхүү болон Тувад өвчлөл нэмэгдэж байгаа юм.
ДЭМБ коронавирусний тархалт эрчтэй, аюултай үедээ ирсэн гэлээ. Бээжингийн хүнсний захад гарсан халдвар хүнсний ногоо, жимснээс илэрснээс гадна ойролцоо байсан барилгын ажилчдаас илэрчээ. Цар тахал аюултай үедээ ирсэн тул хүн хорондын зай барьж явах, амны хаалт зүүх, гараа савандаж угаах зэрэг ариун цэврийн дэглэмүүдийг сайн барихыг анхааруулж байна.
Дэлхийн хэмжээнд халдварын тархалт улам эрчимжиж байгаа учир улс орнууд хөл хориог тархалтын нөхцөл байдалтай нийцүүлэн авахыг ДЭМБ уриаллаа.
Улс орнуудад шинээр илэрсэн тоо, халдварын дүн мэдээг танилцуулбал, АНУ-д нийт 2.355.680 тохиолдол бүртгэгдэж, дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Тус улсад нас баралт 122 мянга гаруй болсон бол 733 мянган хүн эдгэрчээ. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлснээр Нью-Йорк болон Вашингтонд хязгаарлалтын арга хэмжээг цуцлах хоёрдугаар үе шат руу шилжиж байгаа бол баруун болон өмнөд хэсгийн 29 муж болон харьяа нутаг дэвсгэрт өвчлөлийн дундаж үзүүлэлт өссөөр байна.
Халдвараараа АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт явж байгаа Бразил улсад 24 цагийн хугацаанд 21400 гаруй шинэ тохиолдол, 654 нас баралт бүртгэгдэж, нийт халдвар нэг сая 111 мянга гаруй боллоо.
Бразилын дараа гуравт ОХУ орж байгаа бөгөөд 592280 тохиолдол, 8206 нас баралт бүртгэгдээд байна. Орост хоногт 7600 шинэ тохиолдол, 95 нас баралт бүртгэгджээ.
Германд мөн тохиолдол нэмж бүртгэгдэж байгаа бөгөөд хоногт 537 тохиолдол, гурван нас баралт нэмэгдсэн талаар Роберт Кохын хүрээлэнгээс мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.