В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулсан ажлын хэсэгтэй баасан гарагт уулзахаар болсон байна.
“Ийм уулзалт болно” гэж Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков урьд нь мэдээлжээ.
Нэгдүгээр сарын 15-нд Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулагдсан ажлын хэсэг эцсийн хурлаа дүрс бичлэгээр хийх бөгөөд түүнд ажлын хэсгийн бүх гишүүн оролцоно. Хууль тогтоогчид, шинжээчид, нийгэм, соёлын зүтгэлтнүүд багтсан нийт 75 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ оны нэгдүгээр сард Холбооны улсын хуралд илтгэл тавихдаа Үндсэн хуульд зарим өөрчлөлт оруулахыг санал болгосон юм. Нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр тусгайлан байгуулсан ажлын хэсэгтэй тэрбээр хэд хэдэн удаа уулзсан байна.
ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг гуравдугаар сарын 11-нд Төрийн Дум баталж, мөн өдөр Холбооны Зөвлөл баталсан юм. Дараа нь ОХУ-ын бүх субъектийн хууль тогтоох дээд байгууллагууд дэмжжээ. Ингэхдээ уг хуульд нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн иргэд дэмжсэн тохиолдолд л хүчин төгөлдөр болно гэдгийг тодорхой заасан байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх Бүх Оросын санал асуулга зургадугаар сарын 25-нд эхэлж, долдугаар сарын 1-нд дууссан билээ. ОХУ-ын СТХ-ноос мэдээлснээр, тус улсын иргэдийн 77.92 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол 21.27 хувь нь эсрэг санал өгчээ. Санал асуулгын ирц улсын хэмжээнд 67.97 хувьтай байсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ялалтын ойг зохион байгуулах хорооны хуралд оролцохдоо иргэддээ хандан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж, итгэл үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр нэмэлт, өөрчлөлт нь улс төрийн тогтолцоог боловсронгуй болгох, нийгмийн баталгааг бэхжүүлэх, мөн улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оюун санааны, түүхэн, ёс суртахууны үнэт зүйлсийг бэхжүүлэхэд чиглэсэн болохыг онцлон дурдсан байна. Орчин үеийн Орос улс “бүрэлдэн тогтох, төлөвших шатандаа байсан хэвээр байгаа бөгөөд хийх ажил маш их байгаа” учир улс орны дотоод байдал тогтвортой байх нь чухал гэж В.Путин хэлжээ.
Үүний зэрэгцээ Оросын төрийн тэргүүн эсрэг санал өгсөн иргэдийг ойлгож байгаагаа илэрхийлжээ. “Бидэнд шийдээгүй маш олон асуудал байгаа нь үнэн” гэж тэрбээр хэлээд эрх баригчид илүү хурдан, илүү нарийн, илүү зохион байгуулалттай, илүү үр дүнтэй ажиллах ёстой гэж цохон тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.