Ботсванад олон зуун заан үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ

Ботсванад олон зуун заан үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ

Ботсванад сүүлийн гурван сарын хугацаанд 360 гаруй заан үл мэдэгдэх шалтгаанаар үхсэн гэж тус улсын байгаль хамгаалагчид мэдээлсэн байна.

Зарим сэг цөөрмийн ойролцоогоос олдсон бол зарим нь нүүрээрээ унаж үхсэн байсан гэж Их Британид төвтэй “National Park Rescue” байгууллагын төлөөлөгч Найл Макканн мэдээлжээ.

Ойролцоо байсан амьд заануудын хувьд тэнхээгүй болсон байсан бөгөөд нэг заан чиглэлээ өөрчилж чадахгүйгээр тойргоор алхаж байсан гэж ажиглагчид мэдээлжээ. Тус бүс нутагт байсан бусад төрөл зүйлийн амьтдад заануудтай ижил шинж ажиглагдаагүй байна.

Ботсвана улсын Засгийн газар үхсэн заануудаас цуглуулсан сорьцыг шинжилж байгаа боловч үхлийн шалтгааныг нь хараахан тогтоогоогүй байгаа ажээ.

Үхсэн заанууд өнгөрсөн тавдугаар сарын эхнээс олдож эхэлсэн гэж Н.Макканн мэдээлжээ. 130 мянга гаруй Африк заан байдаг Ботсвана нь хамгийн олон заантай улсад тооцогддог юм. Зааны сэгнүүд олдсон “Окаванго” бэлчирт Ботсвана улсын нийт зааны 10 орчим хувь нь амьдардаг байна.

Ботсванад 2014 оноос мөрдөж эхэлсэн заан агнах хоригийг өнгөрсөн онд цуцалсан нь олон улсын шүүмжлэлд өртөж байсан юм. Н.Макканны мэдээлснээр, заануудын соёог аваагүй байгаагаас үзэхэд энэ явдлыг хулгайн антай холбож үзэх боломжгүй ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.