АНУ: Вашингтон ДС хотод тусгаар тогтнолын өдөрт зориулсан үйл ажиллагаа боллоо
Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Вашингтон ДС хотын тэнгэрт Америкийн агаарын хүчнийхэн баярын нислэг хийж, ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлснээс гадна баярын салют буудуулсан юм. Энэхүү баярт оролцохоор Вашингтон ДС хотын төвд олон зуун хүн цугларсан байна. Вашингтон ДС хотын дарга иргэдийг нэг доор цуглахгүй байхыг уриалж, сэрэмжлүүлсэн ч ерөнхийлөгчийн цагаан ордноос олон зуун эмч, сувилагчдыг тус баярт урьсан байна. Америкийн Төрийн Департамент баярт оролцогчдод 300 мянган амны хаалтыг тараахаар төлөвлөснөөс гадна иргэдийг бусадтай харьцахдаа 1.8 метрийн зайг барихыг зөвлөжээ.
Вашингтон ДС хотод ийнхүү тусгаар тогтнолын баярт зориулсан албан ёсны үйл ажиллагаа болсон бол Америкийн бусад хотуудад баяртай холбоотой олон арга хэмжээг цуцалсан байна. Америкийн нийт хотуудын 80 хувь нь уламжлалт баярын салютыг буудуулахгүй байхаар шийджээ.
Энэ жилийн 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших Жое Байден тусгаар тогтнолын өдрөөр иргэдийг гадуур гарахдаа амны хаалт зүүхийг уриалж, энэ нь хамгийн эх оронч үйлдэл болно гэдгийг тэрээр хэлсэн байна.
Ташрамд дурдахад, 1776 оны 07-р сарын 04-ны өдөр АНУ Их Британиас салж, тусгаар тогтнолоо албан ёсоор зарлаж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.