БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна

БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна

БНАСАУ коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хилийн хяналтаа чангатгаж байна гэж тус улсын төрийн мэдлийн сонин өнөөдөр мэдээлжээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд “дээд зэргийн сонор сэрэмжтэй” байхыг саяхан уриалсан юм.

Ким Жөн Ун өнгөрсөн долоо хоногт Улс төрийн товчооны хурал зохион байгуулж, “COVID-19” халдварын эсрэг сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг ард иргэддээ уриалсан бөгөөд вирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг эрт сулруулснаар “төсөөлшгүй хийгээд нөхөж болшгүй хямрал” үүсэж болзошгүйг анхааруулсан байна.

“БНАСАУ хилээ бүрэн хаасан бөгөөд шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд энэ ажиллагаагаа улам чангатгана” гэж тус улсын Сайд нарын танхимын “Minju Joson” сонинд өнөөдөр мэдээлжээ. БНАСАУ өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр дэгдэж эхэлсэн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хилээ хаах, хөл хорио тогтоох зэрэг шуурхай, шийдэмгий арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн юм.

Хилээ хаасан нь БНАСАУ-ын эдийн засагт ихээхэн хохирол учруулсан байж магадгүй бөгөөд тус улс сүүлийн үед хилийн хяналтаа сулруулж байж магадгүй байдал ажиглагдсан боловч БНАСАУ хилийн хяналтаа чангатгасан хэвээр байгааг дээрх мэдээ нотолжээ.

Мөн манай улс хилийн чанадаас усан болон агаарын замаар ирсэн бүх эд зүйлийг ариутгах, шатаах хатуу дүрэм журмыг мөрдөж байгаа гэж сонины мэдээнд тэмдэглэсэн нь БНСУ дахь идэвхтнүүдийн илгээсэн Пёньяны эсрэг ухуулах хуудас болон бусад эд зүйлийн талаар дурдсан байж магадгүй байгаа ажээ.

БНАСАУ вирустэй тэмцэх чиглэлд гаргаж буй хүчин чармайлтад саад учруулж байна хэмээн ухуулах хуудсуудыг шүүмжилж байгаа юм. Мөн “Minju Joson” сонин сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг ард иргэдэд уриалаад, коронавирустэй тэмцэж буй үед хамгийн том дайсан бол хэнэггүй хийгээд хэт бардам зан юм гэж тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.