Ким Жөн Ун Цэргийн төв хорооны хуралдааныг даргалан явуулжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун эрх баригч Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны хуралдааныг даргалж, дайны аюулыг тогтоон барих улс орныхоо хүчин чадлыг бэхжүүлэх гол асуудлуудын талаар хэлэлцлээ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээлэв.
Бямба гарагт болсон өргөтгөсөн хуралдаанаар намын боловсрол, ардын армийн улс төрийн зүтгэлтнүүд, командлагчдын удирдамжийг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцэж, залуу командлагчдыг сайтар зэвсэглэх шаардлагатай байгааг онцолсон гэж “KCNA” агентлаг мэдээлжээ.
“Уг хуралдааны дараа болсон хаалттай уулзалтаар Солонгосын хойгийн нөхцөл байдал, учирч болзошгүй цэргийн аюул занал, түгшүүрийн байдлыг хянах, дайны аюулыг тогтоон барих хүчин чадлыг бэхжүүлэх чухал асуудлуудын талаар хэлэлцсэн” гэж дээрх мэдээнд тэмдэглэсэн байна.
Мөн Ким Жөн Ун уулзалтуудын үеэр тохиролцсон шийдвэрүүдийг хэрэгжүүлэх зарлигуудад гарын үсэг зуржээ.
“KCNA” агентлаг уулзалтын үеэр хэлэлцсэн арга хэмжээнүүдийг “түүхэн шийдвэр” хэмээн нэрлээд, “Жүчэ” үзэл санааны ирээдүйг цэргийн хүчээр баталгаажууллаа гэж мэдээлсэн байна.
Ким Жөн Ун зургаадугаар сарын дундуур Цэргийн төв хорооны хуралдаанд оролцож, Пёньяныг шүүмжилсэн ухуулах хуудас тараасантай холбогдуулан БНСУ-ын эсрэг авч хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдээд байсан цэргийн бүх төлөвлөгөөг түр зогсоосны дараа дээрх уулзалт болжээ. Уг хуралдааны үеэр мөн дайны аюулыг тогтоон барих хүчийг бэхжүүлэх талаар хэлэлцсэн юм.
Бямба гарагт болсон уулзалтад Цэргийн төв хорооны дэд дарга Ри Пён Чоль тэргүүтэй цэргийн өндөр албан тушаалтнууд оролцсон гэж “KCNA” агентлаг мэдээлжээ.
Ким Жөн Ун энэ сарын эхээр өвөө, БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений таалал төгссөний 26 жилийг тохиолдуулан Кымсусан Нарны ордонд зочилсноос хойш 11 өдрийн дараа олны өмнө гарч ирсэн нь энэ ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.