БНХАУ-ын ЭСЯ-ыг тагнуулын ажиллагаанд оролцсон хэмээн сэжиглэж байна
АНУ-ын эрх баригчид Техас муж улсын Хьюстон хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг Хятадын эрх баригчдын ашиг тусын тулд Америкийн оюуны өмчийг хулгайлахтай холбогдох хэрэгт сэжиглэж байна. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус мэдэгджээ.
“Холбооны мөрдөх товчоо, Хууль зүйн яам хамтран ажиллаж, бид Хьюстоныг Хятадын Коммунист намын Америкийн судалгаа шинжилгээний материалыг хулгайлах гол газар гэдгийг илрүүлсэн. Бид Америкийн оюуны өмч, судалгаа шинжилгээг хулгайлах явдал цэг тавихаар шийдсэн” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Хьюстон хот дахь БНХАУ-ын Ерөнхий Консулын газрыг эмнэлгийн салбарт хөгжүүлэлт хийхтэй холбоотой мэдээллийг хулгайлахыг оролдож, Хятадын тагнуулын албанд дэмжлэг үзүүлсэн гэж Америкийн тусгай албаныхан үзэж байгаа тухай өмнө нь “NBC” телевиз мэдээлсэн байна. Харин бусад эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Хятадын дипломат төлөөлөгчийн газар нь тагнуулын салбарт үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, уялдуулах зорилгоор холбоо барих өндөр технологийн сүлжээний үүргийг гүйцэтгэсээр ирсэн гэж Америкийн тал үзэж байна гэжээ. Холбооны мөрдөх товчоо хэдэн жилийн туршид үүнийг нотлох мэдээллийг авч байсан хэмээн материалд дурдсан байна.
Хьюстон дахь Ерөнхий консулын газрыг 72 цагийн дотор хаахыг АНУ-ын эрх баригчид мягмар гарагт БНХАУ-ын эрх баригчдаас шаарджээ. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, АНУ-ын зүгээс дангаар явуулж буй өдөөн хатгалга нь олон улсын эрх зүйн хэм хэмжигдэхүүн, олон улсын харилцааны гол зарчмууд болон хоёр улсын консулын хэлэлцээрийг ноцтой зөрчиж байна гэжээ. Энэ шаардлагаасаа татгалзахгүй бол Хятадын эрх баригчид эрс эсэргүүцлийн арга хэмжээ авна гэдгийг тэрбээр анхааруулсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.