Америкийн ихэнх сургууль хичээлийн шинэ жилд бэлэн байгааг Ерөнхийлөгч Трамп мэдэгдлээ

Америкийн ихэнх сургууль хичээлийн шинэ жилд бэлэн байгааг Ерөнхийлөгч Трамп мэдэгдлээ

Ихэнх улс  орнуудад ирэх 9 сарын нэгнээс хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Гэвч өнөөдөр цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын хичээлийг хаасан улс орнууд танхимын сургалтаа сэргээх эсэх тал дээр эцсийн шийдвэр гаргаагүй байна. АНУ-ын хувьд Ерөнхийлөгч Трамп алсын зайны сургалтыг нэг бус удаа шүүмжилж ирэх намраас танхимын сургалтаа нээх шаардлагатай гэж онцолж байсан. 

Харин өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр танхимын сургалтыг сэргээх эсэхийг тухайн орон нутгийн эрх баригчид Ковид-19-ийн халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан гаргах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд байна. Гэхдээ өнөөдөр Америкийн ихэнх сургууль халдвар хамгааллаа сайжруулж, сурагч багш ажилтнуудын эрүүл мэндийг сахин хамгаалах арга хэмжээ авч үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байгааг тэрээр мэдэгдсэн. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ: "Шинэ коронавирусний халдварын тархалтын төв болчихоод байгаа хот мужуудад танхимын сургалт эхлүүлэхээ хойшлуулж болно. Ийм боломж бий. Тухайн мужийн захирагчид үүнийг шийдэх  ёстой. Газар дээр нь мэдээлэл баримтад тулгуурлан байж шийдвэрээ гаргах ёстой. Гэхдээ хичээлийн шинэ жилийн нээлтийн бэлтгэлээ боловсролын байгууллага хангах хэрэгтэй" гэв.

Өнөөдөр судлаач мэргэжилтнүүд боловсролын бүх шатны байгууллагын танхимын сургалтыг сэргээх эсэх тал дээр нэгдсэн хариулт өгч хараахан чадахгүй байна. Тухайлбал, Швед Финландын нийгмийн эрүүл мэндийн агентлагийн  эрдэмтэн судлаачид танхимын сургалтыг хаах, коронавирусний халдварын тархалтыг зогсооход үр нөлөөтэй эсэхийг тодруулахыг чармайсан ч чадаагүй байна. Энэ 2 улс өөр өөр арга хэрэглэсэн ч эрс ялгаа гараагүй байна. Тухайлбал, Финландад  танхимын хичээлийг 2 сараар хаасан бол Шведэд хорио цээрийн ийм арга хэмжээ аваагүй байна. Гэвч Финландад ийм арга хэмжээ авсан ч 1-19 насны коронавирусний халдвар авсан хүүхдүүдийн тоонд нэг их өөрчлөлт ороогүй байна. 

Гэхдээ Израиль улсад танхимын  сургалтыг нээсний дараа бага дунд ангийнхан дунд халдвар ихээр тархсан байна. ЮНЕСКО-гийн өнөөдрийн албан мэдээгээр дэлхийн 107 улс оронд сургууль цэцэрлэгийн хичээлийг улс орон даяар хаасан хэвээр байна. Ингэснээр 1 тэрбум 66 сая гаруй хүүхэд залуус танхимын сургалтад хамрагдаж чадахгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.