БНАСАУ-д халдварын сэжигтэй тохиолдлын улмаас Кэсон хотыг хаалаа
Шинэ коронавирусний халдвар авсан байж болзошгүй хүн БНАСАУ-ын хилээр долоо хоногийн өмнө хууль бусаар нэвтэрсэн байна гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөдөр мэдээллээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ-ын хилийн ойролцоох Кэсон хотоос гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахыг үүрэг болголоо гэж тус улсын эрх баригч намын харьяа “Rodong Sinmun” сонинд мэдээлжээ.
Уг мэдээнд тэмдэглэснээр, хил давсан этгээд нь БНСУ руу гурван жилийн өмнө дүрвэсэн нэгэн байсан бөгөөд долоодугаар сарын 19-нд Кэсон хотод ирсэн байжээ.
Ким Жөн Ун эрх баригч намын Төв хорооны Улс төрийн товчооны яаралтай хуралдааныг бямба гарагт даргалан явуулсан байна. Тэрбээр “хорт вирус” улс оронд маань нэвтэрсэн байж болзошгүй ноцтой нөхцөл байдал үүссэнийг анхааруулжээ.
"Энэхүү хуралдаанаар холбогдох бүс нутагт онцгой байдлын өндөржүүлсэн бэлэн байдлыг тогтоох шийдвэрийг гаргасан" гэж “Rodong Sinmun” сонинд мэдээлсэн байна. Мөн дүрвэгчийг хууль бусаар хил нэвтрэх үед үүрэг гүйцэтгэж байсан цэргийн нэгжид хүнд шийтгэл ногдуулах талаар хэлэлцжээ.
БНАСАУ-д өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын нэг ч батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байгааг Пёньян мэдээлсээр байгаа юм. БНАСАУ халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд зургаан сар орчмын өмнөөс БНХАУ, ОХУ-аас ирэх, очих нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон нь тус улсын эдийн засагт ихээхэн нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.