Олзлогдсон талибанчуудын сүүлчийн хэсгийг шоронгоос суллана
Талибан хөдөлгөөний гишүүд болох 400 хүнээс бүрдсэн сүүлчийн хэсгийг шоронгоос суллах шийдвэр гаргаснаа Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани өнөөдөр зарлан мэдэгдлээ. Ингэснээр АНУ-ын зуучлалтайгаар Афганистаны эрх баригчид Талибан хөдөлгөөнтэй энхийн хэлэлцээ хийх зам нээгдэж байгаа юм.
Талибан ба АНУ-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу шоронд хоригдож буй Талибаны гишүүдийг суллахыг Засгийн газраас санхүүждэг “Лойя жирга” хэмээх олон нийтийн байгуулагын зүгээс Ерөнхийлөгчид зөвлөжээ. 2 дугаар сарын 29-нд байгуулсан хэлэлцээрийн дагуу Талибанд олзлогдсон Афганистаны аюулаас хамгаалах байгууллагын 1000 ажилтныг сулласны хариуд Афганистаны эрх баригчид Талибаны 5000 гишүүнийг шоронгоос суллах ёстой юм.
Талибанчууд өөрсдийн олзолсон бүх хүнийг сулласан бол Ерөнхийлөгч дээрх 400 хүнээс бусдыг нь суллаад байв. Тэрбээр баасан гарагт “Лойя жирга”-г зарлан хуралдуулж, Талибаны олзлогдогсдын сүүлчийн хэсгийг суллах эсэх асуудлаар тус байгууллагын гишүүдийн байр суурийг сонсжээ. Учир нь, хуулиар бол Ерөнхийлөгч нь хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөх эрхгүй юм. Гурав хоногийн турш хэлэлцсэний эцэст “Лойя жирга”-гийн 3 мянга гаруй төлөөлөгч оролцсон чуулганаас хоригдлуудыг суллах нь зүйтэй гэдэг зөвлөмжийг Ерөнхийлөгчид өгчээ.
Гани-гийн хэлснээр, дээрх 400 хүнийг сулласнаас хойш 3 хоногийн дотор засгийн газартай шууд хэлэлцээ хийж эхэлнэ гэж Талибан хөдөлгөөний удирдагчид амласан аж. Хэлэлцээ хийж эхлэх өдөр ба газрыг одоогоор товлоогүй байгаа боловч Талибан хөдөлгөөний улс төрийн удирдлагын төв байр орших Катарын нийслэл Доха хотод хийж магадгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.