Назарбаевын зээ хүү Лондонд нас баржээ
Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын зээ хүү Айсултан Назарбаев өчигдөр /2020.08.16/ Лондонд нас баржээ. Түүний ээж Дарига Назарбаева “Бидний хайрт Айсултан хорвоог орхиж, манай гэр бүл гүн эмгэнэж байна. Энэ маш хэцүү үед олон нийт биднийг ойлгож, хүндэтгэлтэй хандана гэдэгт найдаж байна” гэсэн байна.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Айсултаны үхлийн шалтгааныг зүрх нь зогссоноос болсон гэж үзэж байгаа аж.
Айсултан Назарбаев нь Казахстаныг 29 жил удирдсан Нурсултан Назарбаевын том охин Дарига Назарбаева, олигарх Рахат Алиев нарын хүү юм. Казахстаны Дотоод хэргийн сайдын орлогч асан Рахат Алиев нь таван жилийн өмнө Австрийн шоронд дүүжилж нас барсан байдаг.
Хөл бөмбөгч байсан Айсултан Назарбаев нь 2019 оны аравдугаар сард Лондонд цагдаагийн биед халдсан хэргээр тэнсэн авч байжээ. Шүүхээс түүнийг мансууруулах бодисын хамаарлаас гарах эмчилгээнд хамрагдах үүрэг өгч байв.
29 настай байсан Айсултан өнгөрсөн хоёрдугаар сард Их Британийн эрх баригчдад хандан улс төрийн орогнол хүсэж байжээ. Тэрээр гэр бүлийнх нь зүгээс түүнийг дарамтлахыг оролдож байна гээд “Facebook” хуудсандаа Орос, Казахстаны Засгийн газар хоорондын их хэмжээний авлигын талаар болон АНУ Казахстаны иргэдзэс хулгайлсан тэрбум долларын талаарх мэдээлэл түүнд бий гэж бичиж байв.
Айсултан Назарбаев мөн “Facebook” хуудсаараа дамжуулан Нурсултан Назарбаевын зээ хүү бус хүү нь болохоо мэдэгдэж байсан юм. Тэрээр түүний эцэг гэгдэж байсан Рахат Алиев шиг алуулахаас эмээж буйгаа бичээд Алиевын архиваас өөрийнхөө талаар мэдсэн гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.