МҮИС шинээр элсэгчдэдээ 5 автомашины шагналтай “МҮИС-CUP” уралдаан зарлалаа
Олон улсын тэргүүлэх их сургууль төслийг хэрэгжүүлэгч Монголын хамгийн том Монголын үндэсний их сургууль /МҮИС/-иас Монголд анх удаа шинээр элссэн оюутнууддаа зориулан 5 автомашины шагналын сантай “МҮИС-CUP” болзолт уралдаан зарлалаа.
Тус уралдаанд МҮИС-д шинээр элссэн оюутнууд оролцох боломжтой бөгөөд 2020.11.01-нээс 2021.04.01-нийг хүртэл хугацаанд сагсан бөмбөг, гар бөмбөг, англи хэлний илтгэл, урлагийн номер, “старт ап” компани хөгжүүлэлт гэсэн таван төрлөөр оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүч, эрдэм мэдлэгээ уралдуулан багаараа шинэхэн автомашины эзэн болох юм байна. Тиймээс оюутны ширээний ард анги хамт олон, төгссөн сургуулиараа эргэн нэгдэх ховорхон завшааныг шинээр элссэн оюутнууд алдахгүй ашиглахыг МҮИС-иас уриалж байсан юм.
“МҮИС-CUP” болзолт уралдааныг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулах бөгөөд тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга “МҮИС-иас сагсан бөмбөгийн спортыг дэмжиж Монголд анх удаа багийн спортоор түрүүлсэн багт эрэгтэй, эмэгтэй төрөлд автомашин өгөх тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээнээ бид 3х3 төрлөөр зохион байгуулна.
Бид сагсан бөмбөгөөр дамжуулан олон улсад нэр хүндтэй шилдэг сургуультай хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. МҮИС нь сургалтын чанараас гадна сагсан бөмбөгөөр олон улсад сайн үзүүлэлттэй байдаг. Энэ сургуулийн баг тамирчид Азийн оюутны сагсан бөмбөгийн наадмын алт, мөнгөн медальт хүртэж байсан. 5х5 төрлөөр Монголд болсон оюутны Азийн наадмын аварга болсон хамт олон. Дээр нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн гишүүд МҮИС-д элсэн орж байгаа. Ирээдүйн шилдэг сагсан бөмбөгчид чанартай боловсрол эзэмших боломж бүрдсэнд талархалтай байна. Тэгэхээр бидний хамтын ажиллагааны үр дүн тун удахгүй гарна гэж итгэж байгаа. МҮИС-ийг сагсан бөмбөгөөр Азийн шилдэг сургууль болгох зорилт удахгүй биелнэ гэж амлаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Дэлхийд нэрээ дуурсгах хүчирхэг монгол залуусыг бэлтгэх зорилготой МҮИС нь 15 мянган оюутан, 700 гаруй эрдэмтэн багштайгаар олон улсад хамгийн эрэлттэй 250 гаруй мэргэжлээр боловсролын бүхий л үе шатны сургалтын үйл ажиллагааг 22 дахь жилдээ амжилттай явуулж байгаа юм.
Энэ жилийн хувьд МҮИС нь олон улсын тэргүүлэх их сургууль төсөл болон бүтээн байгуулалтад түлхүү анхаарч ажиллажээ. Энэ тухай МҮИС-ийн Маркетингийн албаны дарга Ц.Отгонбанди танилцуулахдаа “МҮИС нь олон төсөл, бүтээн байгуулалтаар оюутнууддаа бэлэг барьж байна. Бид Монгол Улсад анх удаа их сургуулийн хотхон хэлбэрээр үйл ажиллагаа явууллаг. Шинэ бүтээн байгуулалтаас дурдвал 700 хүний “Эвент холл” буюу олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулах боломжтой танхимыг ашиглалтад орууллаа. Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэгэн адил 15 давхар 200 ортой нэгдсэн эмнэлэг ашиглалтад орж байгааг дуулгахад таатай байна. Мөн олон улсын стандартын дагуу тав тухтай орчин бүрдүүлсэн 24 цагийн үйл ажиллагаатай 40.000 номын фондтой Азид хоёрт орох номын санг ашиглалтад өглөө. Түүнчлэн 24 цагийн харуул хамгаалалттай, өрөө болгондоо гал тоо, бие засах өрөөтэй эрэгтэй, эмэгтэй үндсэн орцтой оюутны орон сууцыг Монголдоо анх удаа ашиглалтад оруулсан. 250-300 машины авто дулаан зогсоолыг ашиглалтад оруулсан гээд бүтээн байгуулалтын өрнүүн амжилтаар 2020-2021 оны хичээлийн жилийг угтаж байна” хэмээсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.