БНХАУ: Ираны эсрэг хоригийг сэргээхийг завдах нь эрүүл ухаанаа алдсан явдал юм
Ираны эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээг сэргээх АНУ-ын хүсэлтийг БНХАУ улс төрийн шоу гэж үзэж байна. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх БНХАУ-ын байнгын төлөөлөгчийн газрын өгсөн тайлбарт дурджээ.
"АНУ-ын хүсэлт нь хуулийн үндэслэлгүй бөгөөд эрүүл ухаанаа алдсан явдал юм. Ингэх нь НҮБ-д хийж буй улс төрийн шоу төдий. Энэ хүсэлтийг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэмжихгүй бөгөөд олон улсын нийгэмлэг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн байнгын төлөөлөгчийн газарт онцлон дурджээ. Түүнчлэн Хятадын элчин сайд Жан Зюнь АНУ-ын хүсэлттэй холбоотойгоор Хятадын байр суурийг илэрхийлсэн албан ёсны захидлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад илгээснийг дурджээ.
Ираны эсрэг хориг арга хэмжээг сэргээх үйл явцыг эхлүүлэх тухай Вашингтоны хүсэлтийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн даргад пүрэв гарагт илгээжээ. Хориг арга хэмжээ 30 хоногийн дараа үйлчилж эхэлнэ гэж АНУ-ын эрх баригчид үзэж байна. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний нөхцөлд зааснаар хэлэлцээрт оролцогч аливаа нэг тал гэрээ зөрчигдсөн тохиолдолд Ираны эсрэг хоригийг сэргээх үйл явцыг эхлүүлэх боломжтой аж. Харин АНУ тус хэлэлцээрээс 2018 онд гарсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.