Бали оны эцэс хүртэл гадаадын жуулчин хүлээн авахгүй
Индонезын эрх баригчид шинэ коронавирусний цар тахлын улмаас Бали аралд энэ онд гадаадын жуулчин хүлээн авахгүй байх шийдвэрийг гаргажээ.
Гадаадын жуулчдын аялах дуртай Балид ирэх сараас жуулчдыг хүлээн авахыг зөвшөөрнө гэж эрх баригчид өмнө нь мэдэгдээд байсан юм. Гэвч Индонезод халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан ийнхүү шийдвэрлэжээ.
Энэхүү шийдвэр нь аялал жуулчлалын салбараас ихээхэн хамаарал бүхий бизнес эрхэлдэг оршин суугчдын нөхцөл байдлыг улам дордуулах төлөвтэй байна.
Бали арлыг жил тутам олон сая гадаадын жуулчин зорьдог боловч Индонез халдварын улмаас бусад улс орны нэгэн адил гадаадын иргэдэд хилээ хаасантай холбоотойгоор жуулчдын тоо огцом буурчээ.
Эрх баригчид халдварын улмаас уналтад орсон аялал жуулчлалын салбарынханд дэмжлэг үзүүлэхийн тулд долоодугаар сарын эцсээс дотоодын жуулчдыг Балигаар аялахыг зөвшөөрч, далайн эргийн амралтын газрууд, сүм болон бусад дурсгалт газрыг нээжээ. Гэсэн хэдий ч зочид буудал, зоогийн газруудын хувьд нөхцөл байдал хүнд хэвээр байна.
“Индонезын одоогийн нөхцөл байдал гадаадын жуулчдыг хүлээн авах хэмжээнд хүрээгүй байна” гэж Бали арлын захирагч Вайан Костер мэдээлжээ. Бали гадаадын жуулчдад хэзээнээс нээгдэх талаар түүний мэдэгдэлд дурдаагүй байсан боловч Индонез 2020 оны эцэс хүртэл гадаадын жуулчин хүлээн авахгүй хэмээн тэмдэглэжээ.
ЖАКАРТА. /BBC/.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.