Бейрутын боомтоос химийн аюултай бодис бүхий 79 чингэлэг илрүүлжээ

Бейрутын боомтоос химийн аюултай бодис бүхий 79 чингэлэг илрүүлжээ

Ливаны армийн цэргүүд тус улсын Бейрут хотын боомтоос дэлбэрэх аюултай химийн бодис бүхий 79 чингэлэг илрүүлжээ.

"Инженерийн хүчний тусгай анги Францын мэргэжилтнүүдийн хамт наймдугаар сарын 14-22-ны хооронд боомтын нутаг дэвсгэрт шалгалт хийх явцдаа эхлээд химийн аюултай бодис бүхий 25 чингэлэг, дараа нь 54 чингэлэг олсон" гэж Ливаны армийн хэвлэлийн алба мэдээлжээ. "Химийн бодис алдагдаж, хүний амь насанд аюул учирч болзошгүйг харгалзан" цэргүүд шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан" гэж мэдээлэлд цохон тэмдэглэсэн байна.

Бейрутын боомтод болсон хүчтэй дэлбэрэлтийг мөрдөн шалгах ажиллагааг Ливаны шүүгч Фади Савван явуулж байгаа юм. Байцаалт явуулсны дараа түүний тушаалаар боомтын ерөнхий захирал Хасан Крейтем, гаалийн албаны дарга Бадри Дахер зэрэг 19 албан тушаалтныг баривчилжээ. Олон улсын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Ливаны хуульч Бушра Халилийн хэлснээр, гэм буруутай этгээдэд цаазаар авах ял оногдуулж магадгүй аж.

Наймдугаар сарын 4-нд Ливаны Бейрут хотын боомтын агуулахад хүчтэй дэлбэрэлт болсны улмаас хотын барилгуудын тал орчим хувь нь сүйдэж, 170 гаруй хүн амиа алдсан билээ. Дэлбэрэлтийн шалтгаан нь агуулахад зургаан жилийн туршид хадгалагдаж байсан 2750 тонн аммонийн нитрат гэдэг бодис болсон гэж Ливаны эрх баригчид мэдээлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.