Жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно
Жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн ирэх арваннэшдүгээр сарын 26-29-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Өнгөрсөн наймдугаар сарын 28-нд Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн онлайн хурал болж, дээрх өдрийг сонгосон юм.
Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурлыг тус холбооны ерөнхийлөгч, Кувейт Улсын иргэн Обайда Аль-Анзи удирдан зохион байгуулсан бөгөөд хурлыг сар бүр онлайнаар зохион байгуулж, тулгамдсан асуудлуудыг дор бүр нь шийдэж байхаа амлав.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-17-нд жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдөж, 20 гаруй орны 88 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэгээ ирүүлээд байсан юм.
Гэвч сүүлийн үед дэлхий дахинд хурдацтай тархаад буй “Ковид-19” цар тахлын халдварт өвчний улмаас хойшлогдоод байсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.