Биеийн тамир, спортын салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзлаа
Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарыг сайжруулах нөхцөл боломж, цаашдын хамтын ажиллагааг оновчтой тодорхойлох зорилгоор Биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй ажил хэргийн хуваарьт уулзалт зохион байгуулж буй. Энэ удаад салбарынхаа эрдэмтэн, судлаачидтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
БТСУХ-ны зүгээс шинжлэх ухааны ололт амжилт өндөр түвшинд хүрсэн спортын хөгжлийн эрин зуунд Биеийн тамир, спортод шинжлэх ухааны онол, арга зүйг өргөн хүрээтэй нэвтрүүлж, оновчтой арга, технологийн ашиглах тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын тогтоолоор спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийг бие даасан бүтэцтэйгээр байгуулахаар болоод байна.
Өмнөх жилүүдэд Спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор 2019 онд БСШУС-ны хөрөнгө оруулалтаар Швед улсад үйлдвэрлсэн дээд болон доод үе мөчний ажиллах чадварыг тодорхойлох Monark, Эргометр багаж, герман улсын ABW –Mapper компаны нурууны сколиоз,кифоз,лордоз мушгиралт тогтоох тоног төхөөрөмж, итал улсын Opto gait компаны хөлийн динамик биомеханик хөдөлгөөн үзэх багаж, спортын сэтгэл зүйн сорил хийх орос улсын багаж, нийт 5 төрлийн 265 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээн авч ашиглаж эхэлсэн.
Мөн энэ онд хүчилтөрөгчийн дээд хэрэглээ тогтоох герман улсын COTREX үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг авсан. Эдгээр багаж тоног төхөөрөмжтэй танилцаж, цаашид судалгаа шинжилгээний ажлыг хамтран хийх нөхцөл боломж, зөвлөмж Салбарын эрдэмтэн судлаачдад бүрдэж байгааг энэ үеэр дуулгасан юм.
Биеийн тамир спортын салбарын хөгжлийн нэн тэргүүний шийдвэрлэх асуудал, Спортын Анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн хөгжлийн ирээдүй сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Судалгаанд тулгуурласан, ШУ – ны үндэслэлтэй, шинэ арга барил, технологи, иновацийг нэвтрүүлэх судалгааны шан татах атар газар бидний өмнө цэлийж байна гэж БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц онцолсон юм.
Эрдэмтэн судлаачдын зүгээс цаашид хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажилд БТС-ын чиглэлээр суралцдаг оюутан сурагчдыг өргөнөөр хамруулах, Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилтын төлөвлөгөөнд хамтарч оролцох зэрэг санал гаргаж байлаа.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.