Б.Пүрэвдорж: Миний төсөл дэмжигдвэл 1 их наяд төгрөг иргэдэд очих боломжтой
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /2020.09.02/ НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан байна. Энэ талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь биш, таван хувь болгох төслийг дахин өргөн барьжээ. Өнгөрсөн хавар энэ хуулийн төслийг өргөн барьсан ч олонхын дэмжлэг аваагүй. Тиймээс энэ парламент уг хуулийн төслийг дэмжих байх гэж үзээд дахин өргөн барьсан байна. КОВИД-ийн хөл хорио айл өрх бүрт дарамт болж байгаа тул НӨАТ-ын хувийг багасгах замаар иргэдийн орлогыг нэмж, ойролцоогоор 1 их наяд төгрөг иргэдэд очих боломжийг нээнэ гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор Сангийн яам татварын орлого, төсвийн орлого багасна гэж тооцдог. НӨАТ-ын татвараас 2,6 их наяд төгрөгийн орлого олно гэж төсөвт тусгасан. Ард иргэд НӨАТ-ын баримтаа авснаар далд орлого бий болж татварын орлого нэмэгддэг. Ингэснээр энэ жил татварын орлого 37 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан” гэлээ.
Тэрбээр гартаа Атар талх барьсан байсан бөгөөд НӨАТ-ын талаар ийнхүү тайлбарлалаа. “Үр тарианы компаниуд хамгийн гол зардал болох шатахууны өртөг дээр 10 хувийн татвар нэмж төлдөг. Үр тариагаа хураачхаад гурилын үйлдвэрт нийлүүлэхдээ 10 хувийн өртөг нэмдэг. Гурилын үйлдвэр нь талхны үйлдвэрт бас л 10 хувийн нэмэгдэлтэй өгдөг. Талхны үйлдвэрээс дэлгүүрт талхаа нийлүүлэхдээ 10 хувийн нэмэгдэлтэй өгдөг. Дэлгүүр нь жирийн иргэдэд 10 хувийн нэмэгдэлтэй өгдөг. Үйлдвэрлэлийн шат дамжлага бүрээс авч байгаа энэ татварууд хамгийн багадаа 300-400 төгрөгийн нэмэгдэл үүсгэдэг гэсэн судалгаа байдаг. Энэ татвар бол алслагдсан бүс нутагт амьдарч байгаа иргэдэд маш их дарамт болдог. Тиймээс НӨАТ-ын татварын буцаан олголтыг таван хувь болгох нь хамгийн зөв шийдвэр гэж үзээд хуулийн төслөө дахин өргөн барилаа” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.