Хойд Солонгос хар салхинаас болж орон нутгийн албан тушаалтнуудыг шийтгэнэ
Хойд Солонгосыг нөмөрсөн “Майсак” хар салхины улмаас олон хүний амь эрстсэнтэй холбогдуулан буруутай албан тушаалтнуудыг хатуу шийтгэх болно гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны илтгэлд онцолжээ. Хар салхинд Өмнөд Хванхэ, Канвондо муж ихээхэн өртөж, бүхэл бүтэн дүүрэг, гудамжнууд усанд автаад байна. Солонгосын Хөдөлмөрийн намаас хар салхинд бэлтгэх тухай үүргийг Канвондо муж болон Вонсан хотын албан тушаалтнууд биелүүлээгүйн улмаас олон хүн хохироход хүргэсэн гэж СХН-ын албан ёсны хэвлэл болох “Нодон Шинмун” сонин мэдээлжээ. Ингэхдээ яг хэдэн хүн амь үрэгдсэн эсвэл гэмтэж бэртсэн талаар тодруулаагүй байна.
Солонгосын Хөдөлмөрийн намын орлогч дарга нарын хурлын үеэр нам, засаг захиргааны байгууллага болон Вонсан хотын аюулгүй байдлын асуудал хариуцсан байгууллагуудын буруутай албан тушаалтнуудад хууль эрх зүй, захиргааны арга хэмжээ авах шийдвэр гаргасан тухай “Нодон Шинмун” сонин онцолсон байна.
“Майсак” хар салхи Хойд Солонгосын зүүн бүс нутгийг дайрч, Вонсан зэрэг хотын дүүрэг, гудамжнууд усанд автаж, ихээхэн хохирол амсжээ. Гурван цагийн дотор Вонсан хотод 132 мм тунадас орсон байна. БНАСАУ-ын төв телевиз хотын гудамжнууд болон ёслолын арга хэмжээ болдог талбай усанд автсаныг шууд дамжуулан үзүүлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.