МЧБХ-ны дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо
МЧБХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Гансүхийн санаачилга, санхүүжилтээр тус холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо.
Уг хурал “Нэг зорилго, Нэг баг” уриан дор “Туушин” зочид буудлын “Сүлд-танхимд болж, тус холбооны 21 аймаг, нийслэлийн нийт тавь орчим дасгалжуулагчид оролцлоо.
Хуралд МЧБХ-ны Ерөнхийлөгчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч П.Гансүх, дэд ерөнхийлөгч ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, ДБНХ-ны Хүндэт шүүгч Н.Дүгэрсүрэн, холбооны ерөинхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр, чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга нар байлцсан байна.
Хурлаар цар тахлын шалтгаанаар дэлхий даяар олимпын зуны наадам төдийгүй спортын уралдаан, тэмцээн хойшлогдсон үед УАШТ болон болон тив, дэлхийн тэмцээнд манай бөхчүүдийг хэрхэн сонгон шалгаруулах, сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах талаар санал бодлоо солилцлоо.
Мөн хурлаар энэ оны 11, 12-дугаар сард болох U23, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох бөхчүүдийг сонгон шалгаруулах журам, ирэх оны насанд хүрэгчдийн УАШТ-ний хугацааг товлох, олимпын наадамд оролцох эрх олгох тэмцээн, зуны олимпын наадамд бөхчүүдийг бэлтгэлийг хэрхэн ханган оролцуулах зэрэг олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны шийдвэр дараах байдлаар гарсан.
Үүнд:
- 2020 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг Баянхонгор аймагт зохиогдох залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний үзүүлэлтээр, U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эмэгтэй баг тамирчдыг гавьяат тамирчин Ц.Цогтбаярын нэрэмжит, эрэгтэй баг тамирчдыг гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээнээр, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг арваннэгдүгээр сард зохиогдох нээлттэй сорилго тэмцээнээр тус тус шалгаруулах. Дээрхи тэмцээнийг Улсын онцгой комиссын өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах эсэх, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гурван насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах шийдвэрийг эцэслэн гаргасны дараа хугацааг тогтоон зохион байгуулах.
- 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2020 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох эсэх талаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос албан ёсны шийдвэр гарсны дараа хугацаа болон зохион байгуулах газрыг тогтоох.
- Олимпын эрхийн Ази тивийн тэмцээнд 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг аваргууд, олимпын эрх олгох Дэлхийн тэмцээнд оролцох баг тамирчдыг дасгалжуулагчдын зөвлөлийн шийдвэрээр сонгох;
- Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын зөвлөлийг холбооны дүрэм, журамд нийцүүлэн эрэгтэй, эмэгтэй багийн дасгалжуулагчдын зөвлөлийг тус тус байгуулах.
- Олимпын эрхийн тэмцээн болон олимпын наадамд бэлтгэх бэлтгэл сургалтын төлөвлөгөөг дасгалжуулагчдын зөвлөл, бусад үндсэн дасгалжуулагчдын саналыг тусган нэгдсэн ерөнхий төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлж, дүгнэлт хийн дахин төлөвлөж ажиллах.
Хуралд МЧБХ-ны Ерөнхийлөгчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч П.Гансүх нь тавьж байгаа зорилгын тухай тухай дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг багш дасгалжуулагч нарт хийжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.