У.Хүрэлсүх: Эх орондоо ирэхийг хүссэн иргэн бүрээ авчирна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр өглөө Гадаад харилцааны яамны хийж хэрэгжүүлж буй ажлуудыг сонсож, зарим үүрэг, даалгаврыг өгч ажиллалаа.
Гадаад харилцааны яам нээлттэй яам байх чиглэл барьж, 14 хоног тутамд олон нийтэд хандан, ажлуудаа тайлагнаж эхэлжээ. Түүнчлэн оюутан залууст тогтмол яамны ажлыг нээлттэй танилцуулахыг, гадаад улсуудад суугаа диломат ажилтнуудын хяналт, шалгалтыг нэмэгдүүлж, хариуцлагажуулах ажлуудыг ч хийж эхэлсэн тухайгаа Ерөнхий сайдад танилцуулав.
Мөн гадаадын 52 улсад байгаа иргэдээ хоёр хоног тутам чартер нислэгээр авчрах боломжийг хангаж, визний асуудал болон бусад асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өглөө.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Ковид 19 цар тахлын үед эх орондоо ирж чадахгүй байгаа олон мянган иргэдийг эх оронд нь авчрахад онцгой хувь нэмэр оруулж ажиллаж байгаа Гадаад харилцааны яам болон гадаад улсад суугаа Элчин сайд, Консулын газарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улс хилээ хаасныг та бүхэн мэдэж байгаа. Ард иргэддээ арав хоногийн хугацаа өгсөн. Үүнээс хойш Монгол Улсын хилээр Монголын 80.000 гаруй иргэн орж ирсэн байна. Манай Гадаад харилцааны яам, Улсын Онцгой комиссын идэвхтэй ажиллагааны үр дүнд 52 улсаас 20.000 гаруй иргэнээ агаарын замаар татаж авсан. Түүнээс гадна төмөр замаар, авто замаар, явганаар гээд ямар боломж бололцоо байна бүгдийг тэр ашиглаж, татаж авч байгаа. Эх орондоо ирэхийг хүсэж байгаа иргэн бүрийг Монгол Улсын Засгийн газар татаж авахаар ажиллаж байгаа гэдгийг хэлье. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 200.000 гаруй иргэн хилийн чанадад оршин сууж, ажиллаж амьдарч, сурч байна. Тэдгээр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах нь бид бүхний үүрэг юм шүү" гэдгийг онцлон хэлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.