Гурав хоногт 1726 хүнд коронавирусний шинжилгээ хийжээ
ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр нийт 421 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Өчигдрийн шинжилгээг задалбал, 2020 оны 8 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 257 хүн /давтан/, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолооч, Дархан-Уул аймагт тусгаралагдсан зургаан хүн /давтан/, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж буй 28 /давтан/, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 107 хүн /давтан/, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж буй гурав /давтан/ хүний шинжилгээний хариу халдваргүй гарчээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний нийт батлагдсан 310 тохиолдол бүртгэгдсэнээс 296 хүн эдгэрчээ. Үүнээс сувиллын ажиглалтад 16, гэрийн ажиглалтад 25 хүн байгаа бол 255 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
ХӨСҮТ-д одоогоор коронавирусний халдвартай 14 хүн эмчүүлж байгаагаас 8 хүний биеийн байдал хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна.
Сүүлийн гурав хоногийн хугацаанд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийтдээ 1726 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Үүнд, 9 дүгээр сарын 4-нд ирсэн Сөүл-Улаанбаатарын тусгай нислэг, 8 дугаар сарын 21-нд Истанбул-Улаанбаатар, 8 дугаар сарын 22-нд Франкфурт-Улаанбаатар, 8 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн зорчигчид, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нар, Дархан-Уул аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Улаанбаатар хотын ажиглах байранд тусгаарлагдаж буй хүмүүсийн шинжилгээний хариу багтаж байна.
Ташрамд дурдахад, БНСУ-ын Сөүл хотод коронавирусээр халдварласан манай улсын найман иргэн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд тэдний биеийн байдал дунд зэрэг байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.