Я.Содбаатар: Хилийн хоригийг үргэлжлүүлэн СУНГАНА
Улсын онцгой комисс, Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг есдүгээр сарын 15-ныг хүртэл сунгасан. Тэгвэл ирэх долоо хоногт болох Улсын онцгой комисс (УОК), Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах эсэхийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Эхлээд УОК-ын 30 дугаар хуралдаан болно, дараа нь Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэр гаргана.
Асуудал хариуцаж байгаа хүний хувьд харахад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл буурахгүй байх гэж бодож байна. Гэхдээ дотоодод цар тахал алдаагүй байгаа учраас дотоодод явуулж байгаа худалдаа, үйлчилгээний чиглэлийн бүх үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх чиглэл барьж байна.
Худалдаа, үйлчилгээний салбарт тавьж байгаа бүх шаардлагыг хэвийн горимд оруулна. Мөн хичээл сургуулийн үйл ажиллагааг үе шаттайгаар хэвийн горимд шилүүлнэ гэж бодож байгаа.
Есдүгээр сарын 14-нөөс аймгийн төвийн сургуулиуд танхимын сургалт руу шилжүүлэх бол 21-нээс нийслэлийн сургуулиудыг шилжүүлнэ. Есдүгээр сарын 14-нөөс МСҮТ, аравдугаар сарын 4-нөөс их, дээд сургуулиудын хичээлүүдийг хэвийн болгохоор ажиллаж байна. Нэг өдөр бүгдийг нь хэвийн горимд оруулбал хүний бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй. Тиймээс үе шаттай шилжүүлье гэж мэргэжлийн байгууллага үзсэн.
Хил нээх тухайд энэ цар тахал хэзээ намжиж, улс орнууд хэзээ хилээ нээхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Манай улсын хувьд ирэх оны эхний хагас хүртэл хязгаарлалттай амьдрах байх. Дэлхий нийтэд ч хилээ нээж, өндөржүүлсэн бэлэн байдлаа сулруулснаар өвчин дахин дэгдсэн тохиолдол их байна. Тиймээс яг одоогоор хилээ хэзээ нээхийг хэлж мэдэхгүй байна" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.