Грек дэх цагаачдын хуаранд халдварын 35 тохиолдол илэрлээ
Грекийн Лесбос арал дээр байрладаг шигүү оршин суугчтай “Moria” цагаачдын хуaранд “COVID-19” халдвар авсан хүний тоо даваа гаргаас хойш хоёр дахин нэмэгдэж, 35 боллоо гэж тус улсын Цагаачлалын асуудал хариуцсан яамнаас мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт 40 настай орогнол хүсэгчээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор уг байгууламжид хөл хорио тогтоосон юм. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын мэдээлснээр, “Moria” хуаранд 2000 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд хуарангийн 100 ажилтны шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Халдвар авсан 35 цагаачийг тусгаарласан бөгөөд тэдний хоёроос нь л халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс хойш Лесбос аралд ирсэн бүх цагаачийг арлын хуарангуудаас тусгаарлаж байгаа аж. “Мориа” хуаранд одоогоор 12 мянга гаруй хүн байрлаж байгаа нь тогтоосон багтаамжаас дөрөв дахин өндөр байгаа юм.
Грект сүүлийн үед “COVID-19” халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болсон бөгөөд мягмар гарагт халдварын 169 тохиолдол шинээр илэрсэн байна. Ингэснээр өнгөрсөн хоёрдугаар сард халдварын анхны тохиолдол илэрсэн Грект 11832 хүн халдвар авч, 290 хүн нас баржээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.