БНХАУ-ын Гадаад хэргийн сайдыг айлчлах үеэр Монгол Улсын иргэд эсэргүүцлээ илэрхийллээ
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад энэ сарын 15, 16-нд хоёр өдрийн айлчлал хийж, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван нартай уулзлаа. Хятадын Өвөр Монголын өөртөө засах оронд энэ сарын эхээр хэлний шинэ бодлогыг танилцуулсан нь монголчуудын дургүйцлийг хүргээд буй үед уг айлчлал болжээ.
Есдүгээр сарын 1-нд эхлэх хичээлийн шинэ жилийг угтан танилцуулсан шинэ бодлого нь сургуулиудыг монгол хэлээрх сурах бичгийг хятад хэлээрх шинэ сурах бичгээр солихыг шаардсан юм. Энэ нь Хятад дахь өвөр монголчуудын эсэргүүцэлтэй тулгарчээ. Эцэг эхчүүд, хүүхдүүд гудамжинд жагсаж, олон сурагч хичээл эхлэх үед сургуульдаа яваагүй байна. Бээжин үүний эсрэг хүч хэрэглэж, жагсагчдыг баривчилж, сурагчдыг хичээлд нь явуулахын тулд шахалт үзүүлэхийг оролдсон байна. Түүнчлэн жагсаалын улмаас 4000-5000 хүртэлх тооны хүнийг баривчилсан гэх тооцоо байгаа аж.
“Хэлний шинэ бодлого болон уг бодлогыг эсэргүүцэгчдийн эсрэг хатуу арга хэмжээ авсан явдал Монгол дахь иргэдийн анхаарлыг ч мөн үлэмж ихээр татаж байна” гэж “British Columbia” их сургуулийн профессор Жулиан Диркес мэдээлжээ. “British Columbia” их сургуулийн цахим хуудасны “Mongolia Focus” блогт түүний бичсэнээр, Монголын нийгмийн сүлжээнд хэлний шинэ бодлого нь Өвөр Монголын талаарх бусад сэдэвтэй харьцуулахад олны анхаарлыг илүү их татаж байгаа бөгөөд “Twitter”-т маш олон хэрэглэгч уг бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн үүнтэй холбоотой олон жагсаал цуглаан өрнөжээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Ван Игийн айлчлалын эхний өдөр Улаанбаатар хот дахь Засгийн газрын ордны өмнө 100 орчим хүн цуглаж, “Эх хэлээ хамгаалъя”, “Ван И яв” зэргээр хашхирч байжээ. Жагсагчид Засгийн газраа Хятадын талтай хэлэлцээ хийх үеэр уг асуудлыг дэвшүүлэхэд түлхэц болно хэмээн найдаж байсан боловч одоогийн байдлаар ийм явдал болоогүй байна.
“Манай удирдагчид энэ талаар үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй” гэж нэгэн жагсагч “Reuters” агентлагт мэдээлжээ. “Хэрэв манай Засгийн газар олон улсын харилцаа, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд чимээгүй байсаар байвал монголчуудыг нэг нэгээр нь шахаж, манай улс үгүй болоход хүрнэ” гэж тэрбээр хэлжээ.
Хятадын талын мэдэгдэлд тэмдэглэснээр, Ван И Монголын Гадаад харилцааны сайдтай уулзах үеэрээ айлчлалынхаа гурван үндсэн зорилгыг танилцуулжээ. Үүнд, “COVID-19”-тэй тэмцэх чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжил, “Бүс ба Зам” санаачилгын талаарх хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хятад-Монголын харилцааны урт хугацааны, эрүүл, тогтвортой хөгжлийг хангах чиглэлд хамтран ажиллах багтжээ.
Ван И Монголд боловсролын шинэ бодлогыг эсэргүүцэж буйг онцлон дурдаагүй хэдий ч талууд бие биеийн үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, бие биеийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Энэ нь хоёр талын харилцаа эрүүл байхын үндэс юм гэж Ван Ин нэмж хэлжээ. Энэхүү үг нь Монголын Засгийн газар Өвөр Монголд явуулж буй Хятадын бодлогын талаар үг хэлэхийг шаардаж буй олон нийтийн шахалтаас татгалзах хэрэгтэй гэсэн үг юм.
“Хятад, Монгол мөнхийн хөршүүд тул нөхөрлөлөө үүрд хадгалах хэрэгтэй. Энэ бол хоёр орны хувьд цорын ганц зөв хийгээд хамгийн сайн сонголт юм” гэдгийг Ван И онцлон хэлсэн байна.
Хятадын мэдэгдэлд тэмдэглэснээр, Ван И Монголын Гадаад хэргийн сайдаас энэ талаар үүрэг амлалт авсан бөгөөд Хятад, Монгол бие биеийн бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, бие биеийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэдгийг хоёр орны Гадаад хэргийн сайд нар дахин нотолсон ажээ.
Энэхүү уулзалтын талаарх Монголын үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн мэдээнд Хятадын талын гол анхаарлаа хандуулж буй Өвөр Монголын асуудлын талаар нэг их дурдаагүй байжээ. Харин үүний оронд “COVID-19”-тэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах, хоёр талын худалдааг өргөжүүлэх, төмөр замын гурван боомт байгуулах шинэ хэлэлцээр зэрэгт түлхүү анхаарсан байжээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ван И нарын уулзалын мэдэгдэлд, талууд хүмүүнлэгийн зарим асуудлын талаар санал бодлоо солилцож, харилцан бие биеэ хүндэтгэх зарчмыг үргэлжлүүлэн баримтлах нь чухал болохыг онцолсон хэмээн тэмдэглэсэн байна.
Энэхүү тодорхой бус хандлагаас үзэхэд Улаанбаатар өвөр монголчуудад Хятад улс хэрхэн хандаж буй тухай сэдвийг чөлөөтэй хөндөх яагаачгүй байгаа бололтой байна. Ж.Диркесийн онцолсноор, Монголын Засгийн газраас Өвөр Монгол дахь монгол хэлний асуудлын талаар албан ёсны ямар ч мэдэгдэл гараагүй нь нэг талаар хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй боловч худалдааны урсгал гэх мэтэд нөлөөлөхүйц үр дагаврыг авчрахгүй аж. Мөн Улаанбаатарын засаг захиргаа ийм эрсдэл гаргах төлөвгүй байсан бөгөөд ядаж л Монголд илүү чанга, илүү олон эсэргүүцэл гарч, аливаа эсэргүүцэл нь олон улсын дэмжлэгийг авах хүртэл ингэхгүй ажээ.
Монгол ийнхүү чимээгүй байгаагийн шалтгаан нь тодорхой юм. Тус улс нь эдийн засгийн хувьд Хятад улсаас ихээхэн хамааралтай. Дэлхийн банкны мэдээллээр, 2018 онд Хятад улс Монголын экспортын 92 хувийг дангаараа эзэлсний дийлэнх нь ашигт малтмал, хүдэр, нүүрс байжээ. Мөн Хятадаас Монгол Улсад суугаа Элчин сайд худалдаа эрсдэлд орж болзошгүй гэдгийг Монголын нэгэн сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. “Reuters” агентлаг түүний хэлсэн үгийг товчлохдоо, Хятадын нүүрсний хэрэглээ буурч байгаа. Хэдийгээр тээвэрлэлт үргэлжилж байгаа боловч зах зээлд эрэлт бараг байхгүй болсон тул нүүрс овоорсоор байна гэжээ.
Өмнө нь Хятадын Шинжаан бүс дэх казахчуудыг саатуулж байсныг казахстанчууд эсэргүүцэж байсан боловч тус улсын Засгийн газар ашиг сонирхлоо эн тэргүүнд тавьсан юм. Одоогийн байдлаар Монгол Бээжингийн улам шугамнуудын нэгийг давахаас илүүтэйгээр иргэдийнхээ шаардлагуудыг хоёрдугаарт тавьсан Казахстантай ижил сонголтыг хийгээд байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.