В.Путин Армены Ерөнхий сайдтай Уулын Карабахын байдлыг хэлэлцэв

В.Путин Армены Ерөнхий сайдтай Уулын Карабахын байдлыг хэлэлцэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Армены Ерөнхий сайд Никол Пашинянтай Уулын Карабахын эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдлыг утсаар хэлэлцэв. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Армены талын санаачилгаар утсаар ярилцжээ.

“Уулын Карабахын мөргөлдөөний бүс дэх нөхцөл байдал эрс хурцадсан талаар хэлэлцлээ. Оросын тал томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн дахин эхэлж буйд ихээхэн түгшиж байгаагаа илэрхийлэв. Одоо сөргөлдөөнийг улам даамжруулахгүй байхын тулд шаардлагатай бүхий л хүчин чармайлтаа дайчлах нь чухал бөгөөд хамгийн гол нь байлдааны ажиллагааг зогсоох шаардлагатай байгааг тэмдэглэв” гэж Кремлийн хэвлэлийн албан мэдээлсэн байна.

Армены цэргүүд армийнх нь байрлал руу эрчимтэй гал нээж эхэлсэн гэж Азербайжаны Батлан ​​хамгаалах яам ням гаргийн өглөө мэдээлсэн юм. Тус яамны мэдээлснээр, энгийн иргэдийн дунд амь үрэгдэж, шархадсан хүмүүс байгаа аж.

Харин Армены Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгдэхдээ, Азербайжаны Зэвсэгт хүчин Уулын Карабахын чиглэлд давшилт хийсэн гэсэн юм. Армены Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Азербайжаны арми хүлээн зөвшөөрөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын нийслэл Степанакерт хот зэрэг суурингуудыг бөмбөгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.