Сөүлийн албан тушаалтан амиа алдсан хэргийг хамтран мөрдөн шалгахыг уриалжээ
БНСУ-ын иргэн Шар тэнгис дэх хил орчимд амиа алдсантай холбогдуулан БНСУ, БНАСАУ аль болох хурдан мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэрэгтэй гэж БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн мэдэгджээ.
Өмнөд Солонгос болон Хойд Солонгосын төлөөлөгчид хамтран ажиллахад саад учрахгүй гэж үзэж байна хэмээн тэрбээр онцлохын сацуу хэргийн нарийн учрыг олж илрүүлэх, цаашид ийм зүйл дахин давтагдах ёсгүйг цохон тэмдэглэлээ.
Түүнчлэн хоёр улсын харилцаа хурцадсаны дараа үйл ажиллагааг нь зогсоосон харилцаа холбооны шугамуудаа сэргээх шаардлагатайг Чон Се Гюн мэдэгдэв. “Хоёр Солонгосын цэргүүд хоорондын харилцаа холбооны шугам хэвийн ажиллаж байсан бол иймэрхүү харамсалтай хэрэг гарахаас сэргийлж чадах байсан юм” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэв.
БНСУ-ын Далай, загасны аж ахуйн яамны харьяа загас агнуурын хяналтын газрын ажилтныг Умард Солонгосын хилчид буудан хөнөөж, цогцсыг нь шатаасан гэж өмнөдийн цэргийнхэн 9 дүгээр сарын 28-нд мэдээлсэн юм. БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, Умард Солонгосын тал коронавирусний халдвар нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын эрх баригчдын баталсан хорио цээрийн журмын дагуу ийм арга хэмжээ авчээ. Үүнтэй холбогдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ины засаг захиргаанд уучлалт хүссэн захидал илгээсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.