АНУ “ремдесивир”-ийг эмчилгээнд ашиглахыг албан ёсоор зөвшөөрлөө
АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар Америкийн “Gilead” компанид гарган авсан “ремдесивир” вирусний эсрэг эмийг “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд ашиглахыг пүрэв гарагт албан ёсоор зөвшөөрчээ.
Энэ оны тавдугаар сард Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар уг эмийг халдвар авсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн эмчилгээнд яаралтай тусламжийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрөх шийдвэрийг гаргаад байсан билээ.
Шинэ коронавирусээр халдварласан зарим өвчтөний эдгэрэх хугацааг багасгаж буй үр дүн үзүүлсэн “ремдесивир” нь энэ сарын эхээр коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын уусан эмүүдийн нэг юм.
“Gilead” компанийн мэдээлснээр, цаашид “ремдесивир”-ийг 12-оос дээш насны, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдэд уулгах ажээ. Ингэснээр энэхүү эм нь дэлхий даяар 41.3 сая хүн халдварлаж, нэг сая гаруй хүнийг нас барахад хүргэсэн “COVID-19”-ийн эмчилгээнд ашиглах АНУ-ын зөвшөөрлийг авсан дахь анхны бөгөөд цор ганц эм болжээ.
Ташрамд дурдахад, “Gilead” компанийн хувьцааны ханш дээрх мэдээллийг гарсны дараа тав гаруй хувиар өсжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.