Э.Сноуден ОХУ-д хугацаагүйгээр оршин суух зөвшөөрөл авчээ

Э.Сноуден ОХУ-д хугацаагүйгээр оршин суух зөвшөөрөл авчээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден ОХУ-д хугацаагүйгээр оршин суух зөвшөөрөл авчээ. Энэ тухай түүний өмгөөлөгч Анатолий Кучерена мэдэгдсэн байна.

Одоогоор Сноуден Оросын иргэншил авах бодолгүй байгаа талаар тэрбээр мөн хэлжээ. Сноудений оршин суух хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 30-нд дууссан хэдий ч коронавирусний цар тахлын нөхцөл байдлын улмаас 2020 оны 6 дугаар сарын 15 хүртэл автоматаар сунгагдсан юм. Өөрийгөө тусгаарлах журам хэрэгжиж дуусмагц Сноуден оршин суух хугацаагаа сунгах тухай бичиг баримтаа бүрдүүлэн өгчээ.

Сонирхуулахад, 2013 онд Э.Сноуден гадаадын төрийн тэргүүн нарын яриаг хууль бусаар чагнах, бичиж авах зэрэг АНУ-ын Тагнуулын байгууллагын цахим хяналтын аргуудын талаарх нууц мэдээллийг олон нийтэд ил болгосон юм. Тэрбээр АНУ-ын Прокурорын байгууллагын мөшгөлтөөс зугтаж, зарим улс орон руу орогнох хүсэлт илгээсний дотор ОХУ байсан ажээ. 2014 оны 8 дугаар сард тэрбээр ОХУ-д гурван жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл авсан бөгөөд хожим дахин гурван жилээр сунгуулжээ.

Э.Сноуденийг АНУ-д тагнуулын тухай хуулийн хоёр зүйл заалтыг зөрчсөн хэмээн буруутгадаг байна. Тэрбээр энэ заалтуудыг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зүйл анги тус бүрд наад зах нь 10 жил хоригдох ял сонсох юм. АНУ-ын Засаг захиргааны албан тушаалтнууд Э.Сноуденийг урвагч хэмээн үзэж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан тул түүнийг өршөөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.