Д.Сумъяабазар: Итгэлийг зүтгэлээр хариулах болно

Д.Сумъяабазар: Итгэлийг зүтгэлээр хариулах болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон Д.Сумъяабазар тамгаа гардаж аваад “Нийслэл Улаанбаатар хотод төрийн үйл хэрэг тасралтгүй явах ёстой. Нийслэл хотод өвөлжилтийн бэлэн байдал, яаралтай хийж хэрэгжүүлэх ажил шил шилээ дараалан хүлээж байгаа. Нийслэл гэх их айлын ажил тасралтгүй явж, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдэхийн тулд орон нутаг, нийслэл, УИХ, Засгийн газартайгаа нэг бие сэтгэлээр хамтран ажиллаж, асуудлыг үе шаттайгаар шийднэ. Засгийн газартайгаа цаашдаа үйл ажиллагаагаа улам нягтаршуулж ажиллах болно" гэлээ.

Тэрбээр мөн "МАН 2020 оны Аймаг, нийслэл, дүүргийн орон нутгийн сонгуульд өндөр амжилттай оролцсон. Улмаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн ээлжит сонгуульд 75.5 хувийн амжилт үзүүлэн хоёр дараалаад 34 суудлыг авч ялалт байгуулж байна. Энэ бол Улаанбаатар хотын иргэд МАН-ыг УИХ, НИТХ, ДИТХ-даа хотын тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чадвар, бололцоотой гэж үнэлсэн үнэлэлт юм.

МАН-ын дүрмээр парламентын сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд намын дарга Ерөнхий сайд болж ажиллах дүрмийн заалттай байдаг. Энэ заалтыг анхан дунд шатандаа бас хэрэгжүүлж явах нь өөрөө зарчмын хувьд зөв гэж намын удирдлага, журмын нөхөд маань үзсэн. Энэ үүднээс намайг Нийслэлийн Засаг даргаар ажиллах нь зөв гэж МАН-ын дарга У.Хүрэлсүх, Удирдах зөвлөлийн зүгээс үзэж 100 хувийн саналаар шийдвэр гарсан. Намын журмын нөхөддөө, сонгинохайрханчууддаа талархаж байна. Итгэлийг зүтгэлээр хариулах болно” гэсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.