БНСУ-д томуугийн вакцинжуулалтыг үргэлжлүүлнэ
БНСУ-д томуугийн вакцин хийлгэсний дараа олон хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн хэдий ч вакцин, нас барсан тохиолдлуудын хооронд ямар нэгэн хамаарал тогтоогдоогүй тул вакцинжуулалтын хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр боллоо гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд бямба гарагт мэдээлэв.
БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, вакцин хийлгэсний дараа нас барсан анхны тохиолдол 10 дугаар сарын 16-нд бүртгэгдсэнээс хойш ийм байдлаар нас барсан хүний тоо 48-д хүрсэн бөгөөд нас барагсдын 80 орчим хувь нь 70, 80 гаруй насны хүмүүс байжээ.
“Нас барсан 20 хүний цогцсонд хийсэн задлан шинжилгээний дүнгээс үзэхэд тэдний нас барсан шалтгаан, вакцин хооронд ямар нэгэн хамаарал тогтоогдоогүй тул томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамруулах хөтөлбөрийг зогсоох талаар хэлэлцэхгүй” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Жён Юн Кён мэдээлсэн байна.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд вакцин, нас барсан тохиолдлуудын хооронд холбоо хамаарал байх боломжтой эсэхийг нягт ажиглаж байгаа бөгөөд энэ онд вакцин хийлгэсний дараа зовуурь илэрсэн гэж 1154 хүн мэдээлжээ.
Жён Юн Кёны мэдэгдсэнээр, холбогдох албаны удирдлагууд вакцин хийлгэсний дараа нас барсан хүмүүс ямар шалтгаанаар нас барсныг тогтоохын тулд мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа ажээ. Мөн тэрбээр ахмад настай хүмүүст вакцин тарихын өмнө нарийн оношилгоо хийхийг эрүүл мэндийн хүрээлэнгүүдэд уриалжээ.
БНСУ-д энэ өвөл “COVID-19”, улирлын томуу зэрэгцэн дэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах хөтөлбөрийг өргөтгөжээ. Үүний хүрээнд өсвөр насны хүүхдүүд, ахмад настнууд багтсан 19 сая орчим хүнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн байна.
Томуугаас үүдэлтэй уушгины хатгалгаа зэрэг өвчлөлөөр олон хүн нас барж болзошгүй тул томуугийн улирал эхлэхээс өмнө иргэдийг вакцинжуулах нь зүйтэй гэдэгт эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд санал нэгдэж байгаа юм. БНСУ-д томуугаас үүдэлтэй өвчлөлийн улмаас жилд 3000 орчим хүн нас бардаг байна.
Улирлын томуу нь ерөнхийдөө 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сард дэгддэг ба томуугийн вакцин нь тарилга хийлгэснээс хоёр долоо хоногийн дараа эсрэг биет үүсгэдэг тул шаардлагатай хүмүүсийг 11 дүгээр сарын дунд үе гэхэд вакцинжуулахыг мэргэжилтнүүд зөвлөжээ.
Гэсэн хэдий ч БНСУ-д орон даяар богино хугацаанд олон хүн нас барсан тохиолдол бүртгэгдээд буй энэ үед олон нийтийг “нэн даруй” вакцинжуулах шаардлагатай эсэх талаар эрүүл мэндийн байгууллагууд санал хуваагдаад байна.
Солонгосын Анагаах ухааны холбооны хувьд вакцинжуулалтын хөтөлбөрийг нэг долоо хоног орчмын хугацаанд хойшлуулах саналыг Засгийн газарт хүргүүлсэн бол Солонгосын Вакцины асуудал хариуцсан нийгэмлэг вакцин, нас барсан тохиолдлуудын хооронд ямар нэгэн хамаарал тогтоогдоогүй тул вакцинжуулалтыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.