Я.Содбаатар: Боомт нээх хүртэл шатахууны хомсдол үүсэхгүй
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Цагааннуур, Боршоо хилийн боомтыг 11 дүгээр сарын 2-ноос 21 хоногийн хугацаанд хаахаар шийдвэрлэлсэн. Үүнтэй холбогдуулан Шадар сайд Я.Содбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Дээрх хилийн боомтуудаар орж ирдэг гол бүтээгдэхүүн нь шатахуун байдаг. Тэдгээр боомтуудыг хааснаар манай улсад шатахууны хомсдол үүсэх үү?
-Баруун бүсээр орж ирж байгаа хөдөлгөөний гол бараа нь нефтийн бүтээгдэхүүн. Монгол Улс нефтийн нэг сарын нөөцтэй. Төвийн бүсээс баруун аймгуудад нефть татах ажил зохион байгуулна. Нефтийн нөөцөд хүндрэл гарахгүй. Мөн 21 хоногийн дараа хилийн боомтыг нээснээр гарагийн хязгаарлалтаар нефть оруулах асуудлыг шийдвэрлэнэ.
-Үүнтэй холбоотой өргөн хэрэглээний бараа, шатахууны үнэ өсөх эрсдэл үүсэх үү?
-Засгийн газраас дэлхий даяар тархаад буй цар тахлын үед өргөн хэрэглээний үнэ ханшийг нэмэхгүй байх, хохирол багатай давах чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй олон талаар хамтран ажиллаж байгаа. Нефть импортолж байгаа аж ахуйн нэгжүүдтэй уулзаж харилцан ойлголцоно. Нэг сарын нөөц байгаа тул зах зээлд хомсдол үүсэхгүй. Цар тахал эхэлснээс хойш хилээр орж гарч байгаа бүх хөдөлгөөн хяналтад байгаа. Өмнө нь бүх боомтуудаар орж ирж байгаа ачаа тээвэр хилээр гарах хүртлээ цагдаагийн хатуу хяналтад явж байсан. Хилийн чанад дахь нөхцөл байдал хүндэрсэн тул хяналтыг илүү чангатгаж байгаа юм.
-Бусад хилийн боомтуудад нөхцөл байдал ямар байна вэ?
-Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг бусад боомтуудад тусгаарлалтын цэг гаргахаар УОК-ын шийдвэр гарсан. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүд тухайн цэгээс очиж ачаа бараагаа нааш нь татан авахаар болсон. Ерөнхийдөө хилийн боомтуудаас нааш ачаа тээврийн жолооч нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч байна.
-Цагааннуур боомтод долоо хоногийн өмнөөс шинжилгээ авч эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Өмнө яагаад шинжилгээ авч байгаагүй юм бэ?
-Бид хамгийн их хөдөлгөөнтэй байгаа боомтуудаар PCR шинжилгээ авч байсан. Цагааннуур боомтод долоо хоногийн өмнөөс шинжилгээ авч эхэлснээр хоёр жолоочоос вирус илэрсэн. Өмнө нь Цагааннуур боомтоор орж ирж байсан ачаа тээврийн жолооч нарт эрүүл ахуйн халдвар хамгааллын журмын чанд сахин цагдаагийн хяналтад байлгаж байсан. Нэмж шинжилгээ авч хяналтаа улам сайжруулах болсон. Өглөө ОХУ-тай дипломат харилцааны шугамаар харилцаж тухайн хоёр иргэнийг эх оронд нь буцаасан.
Нэмж хэлэхэд, ажиллах хүчтэй холбоотой асуудал хэвлэл мэдээллээр их явж байна. Ажиллах хүчний хувьд 37 орноос ямар нэгэн байдлаар ажиллах хүч орж ирсэн. Ингэхдээ, бүгд халдвар хамгааллын дэглэмийг хууль хүчний байгууллагын хяналтад 21 хоногийн хугацаанд сахиж, давтан шинжилгээ өгч байгаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.