Хашаандаа ногоон орон сууц барьж буй иргэдэд дэмжлэг үзүүлнэ

Хашаандаа ногоон орон сууц барьж буй иргэдэд дэмжлэг үзүүлнэ

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд шинэ дэд төвүүдийг түшиглэн барьж буй 10 мянган айлын “Орлогод нийцсэн ногоон орон сууц”-ны бүтээн байгуулалтын ажлыг “Нийслэлийн орон сууцны корпораци” /НОСК/-иас эхлүүлсэн.

Тус төслийн хүрээнд өнөөдөр НОСК болон Монголын тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Ингэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг орлогод нийцсэн, ногоон орон сууцаар хангах төсөлд хамтран ажиллах, санхүүгийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төслийн мэдээ, мэдээлэл болон хийгдсэн судалгаа тайлан, тавигдах шаардлага, стандарт, тэдгээртэй холбогдох материалыг харилцан солилцох зэргээр хамтран ажиллах юм.
Санамж бичигт “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Дорждэрэм,  Монголын тогтвортой санхүүжилтийн холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь нар гарын үсэг зурав. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр Б.Сүхбаатар “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Орон сууцны корпораци маш олон шинэ ажил санаачилж эхлүүлсэн. Өнөөдрийн санамж бичгийн хүрээнд хашаандаа ногоон орон сууц барих гэж байгаа иргэдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгоход дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм”  хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.