Допинг илэрсэн ГУРВАН БӨХ 100 жилийн ойд БАРИЛДАХ БОЛОМЖТОЙ болжээ

Допинг илэрсэн ГУРВАН БӨХ 100 жилийн ойд БАРИЛДАХ БОЛОМЖТОЙ болжээ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр (2020.11.04) Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд зодоглож шөвгөрсөн гурван бөхөөс буюу Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын шинжилгээнээс допинг илэрсэн. Эдгээр бөхчүүдэд ямар хариуцлага тооцох, олон нийтийн сүлжээнд бичиж байгаачлан 11 сарын хугацаагаар барилдах эрхийг нь хасаж, ирэх жилийн наадмын өмнө буюу Ардын хувьсгалын 100 жилийн ойд барилдах боломж олгохоор зохицуулж байгаа гэх мэдээлэл үнэн эсэхийг сэтгүүлчид Шадар сайдаас тодрууллаа.

Үүнд тэрбээр “Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсноос хойш нийтдээ 30 гаруй бөх шинжилгээнд бүдэрч байсан юм байна. Баяр наадмын тухай хуулийн дагуу допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасах, цол, чимгийг нь хураах зэргээр хариуцлага тооцдог. Зарим нь зургаан сараар ч хасуулж байсан. Зарим нь хоёр жилээр ч хасуулж байсан. Хууль, журмынхаа дагуу хариуцлага ногдуулж, нэр бүхий гурван бөхийн барилдах эрхийг 11 сарын хугацаатай хассан нь үнэн. Ирэх зургаан сар хүртэл барилдах боломжгүй. Ер нь бол Баяр наадмын тухай хуулийг өөрчлөх шаардлага бий. Жишээ нь, бөхчүүдийн допингийн шинжилгээнээс ямар бодис, ямар хэмжээтэй, ямар шалтгааны улмаас илэрснийг нарийн тогтоож, тэр дагуу барилдах эрхийг хасах хугацааг тогтоох нь зөв. Энэ талаар би үүрэг өгсөн байгаа. Эрдэмтэн, судлаач, анагаах ухааны салбарынхантайгаа хэлэлцүүлэг хийж, анхаарал тавьж, шийдэл ол гэдэг чиглэл өгсөн. Хэлэлцүүлгийн дараа бид Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулсан хуулийн төсөл өргөн барина” гэлээ.

Ирэх 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэнэ.

Тэгш ойг тэмдэглэх төсвийн талаар сэтгүүлчид түүнээс тодруулахад, “100 жилийн ой тэмдэглэхтэй холбоотойгоор ирэх оны төсөвт 10 гаруй тэрбум төсөвлөөд байна. Гэхдээ эцэслэн батлагдаагүй байна. Ер нь ирэх онд Ардын хувьсгалын 100, Монгол Улс НҮБ-д элссэний 60, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой, мөн 10 гаруй аймаг, 100 гаруй сумын тэгш ой тохиож байгаа. Энэ төсөв зөвхөн Ардын хувьсгалын 100 жилийн ой, үндэсний баяр наадамд зориулсан төсөв биш. Сая хэлсэн олон ойг он гарснаас хойшхи бүтэн жилийн хугацаанд тэмдэглэхэд зориулсан төсөв гэж ойлгох хэрэгтэй” гэсэн хариулт өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.