Монгол Улсын 2021 оны төсвийн тухай төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа
УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.13) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дөх хэлэлцүүлгийг хийж, хуралдаан даргалагч хуулийн төслийг зүйл, заалт нэг бүрээр нь уншин сонсгож, төслийн зүйл, заалт бүрээр санал хурааалт явуулав.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл нь нийт 4 бүлэг, 22 зүйлтэй. Төслийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн хуулийн зорилтыг тодорхойлсон байна.
Төслийн 4 дүгээр зүйлд тусгасны дагуу Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 8,737,771.7 сая төгрөгөөр батлав. Харин төслийн 7 дугаар зүйлд Монгол Улсын төсвөөс 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 10.676.615.3 сая төгрөг байхаар батлагдлаа.
Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 1.390.921.0 сая төгрөгөөр санхүүжүүлэх, “Барих-Шилжуулэх” концессын төрлөөр хэрэгжуулсэн төсөл. арга хэмжээ, барилга байгууламжид улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд 266.268.7 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр батлав. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2021 оны төсвийн жилд 156,016.9 сая төгрөгийн хэмжээтэй, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2021 оны төсвийн жилд 1.180.143.1 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө тус тус хуримтлуулахаар шийдвэрлэв.
Тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2021 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээллэгийн үндсэн төлбөрийн хэмжээ 1,880,299.4 сая төгрөг, Засгийн газрын нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2021 оны төсвийн жилд 2,815,030.5 сая төгрөг байхаар батлагдав.
Монгол Улсын 2021 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт үзүүлэх санхүүгийн дэмжлэг 163.020.2 сая төгрөг байх, харин төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ 533.868.4 сая төгрөг байхаар тогтлоо. Мөн төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлага 220,701.8 сая төгрөгийн хэмжээтэй байхаар батлагдав.
Хуулийн төслийн Дөрөвдүгээр бүлэгт "Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2021 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоон хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар, “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалт”-ыг 3 дугаар хавсралтаар, “Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2021 онд сумын Орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэг”-ийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталлаа.
Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы цахим хуралдаанд оролцсон 68 гишүүний 59 нь буюу 86.8 хувь дэмжив. Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.
ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.