Төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний салбарт НОГООН ГЭРЭЛ АСНА
Нэг тонн нүүрсний тээврийн зардал ДӨРӨВ дахин буурна
Уул уурхайн салбараас эдийн засагт шингэж үлдэх бодит өгөөжийг нэмэгдүүлэхэд дэд бүтцийн салбарын нөлөө чухал. Тэрдундаа нүүрсний тээврийг төмөр замаар гүйцэтгэх нь эдийн засаг, байгаль орчинд ихээхэн хэрэгтэй. Тэгвэл “Дэлхийн эдийн засгийн форум”-аас гаргадаг Олон улсын өрсөлдөх чадварын тайлангаас харахад Монгол Улс тээврийн салбарын ерөнхий үзүүлэлтээр 111 дүгээр байрт, төмөр замын үзүүлэлтээр 74 дүгээр байрт бичигджээ. Энэ нь бидэнд хийх ажил бийг харуулж байна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хийсэн “Монголын хөгжлийн стратеги”-д “Монгол Улс нүүрсний тээврийг автозамаар хийдэг нь зардал өндөр, үр ашиг муутай. Тээвэрлэлтийн хүндрэл, зардлын асуудал нь экспортын өсөлтийг хязгаарлах цаашилбал экспортын секторт хөрөнгө оруулах сонирхлыг бууруулах эрсдэлтэй. Монгол орны дэд бүтцийг шинэчлэн хөгжүүлэх нь уул уурхайн болон бусад аж үйлдвэрийн эрэлтийг хангах, эрдэс бүтээгдэхүүний экспортыг хөнгөвчлөх, уул уурхайн бус салбарын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой” талаар дурдсан байдаг. Нүүрсний салбарт өрсөлдөх чадвараа сайжруулах, өсгөх ёстой гэдгээ ойлгож, мэдээд байдаг Монгол Улс өнөөдөр яг ямар байр байдалтай байгаагаа шинээр санаж, сэрэхэд илүүдэхгүй биз. 2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг баталж, нийтдээ 5600 километр төмөр зам тавихаар зурагласан ч өнгөрсөн жилүүдэд дорвитой ахиц гараагүй.
Гэхдээ “Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйл ажиллагаа сайжирч, ашигтай ажиллах болсноор дагаад төмөр замын төслүүдээ хөрсөн дээр буулгахад төрөөс бодлоготойгоор анхаарах нөхцөл бүрэлдсэнийг хэлэх хэрэгтэй юм. Нэгэнтээ эдийн засаг солонгороогүй, экспортоос, түүхий эдийн ханшийн савлагаанаас хамаарч байхад төрийн зүгээс уул уурхайн дэд бүтцийн төслүүдээ дэмжсэн шиг дэмжиж, урагшлах боломжтойг нь түлхэх хэрэгтэй юм л даа. Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн ашиг орлого нь улам нэмэгдээд байвал төмөр замын төслүүд рүү мөнгөө оруулна гэдгээ эхнээсээ л хэлж байсан. Тэр чиглэлээ ч барьж ажиллаж буй. “Эрдэнэс-Тавантолгой” ХХК ногдол ашиг хуваарилна гэдэг бол нийт хувьцааны 85.2 хувийг эзэмшигч төрд ч хамаатай. Төр компанийн үйл ажиллагааны ашгаар олон жил хүлээлгийн өрөөнд байсан төмөр замын төслүүдийг хөдөлгөж, хөрсөн дээр буулгаж, эдийн засагт өгөөжийг нь авчирна гэсэн үг.
Б.Ганхуяг цаашид хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар хэлэхдээ “Бид IPO гаргана. Үүнтэй холбоотой орж ирсэн хөрөнгө оруулалтаар төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлнэ. Төлөвлөж байгаагаар бол компанийн хамааралтай төсөл хөтөлбөр тухайлбал, төмөр зам гэх мэт бүх ажлууд 2022 он гэхэд дуусна. Өнөөдрийн иргэдэд өгч байгаа 96 мянган төгрөг чинь зөвхөн олборлолтын ашгаас олсон ногдол ашиг юм. Дараа нь төсөл хөтөлбөрүүдээс олсон ногдол ашгууд жил дараалан нэмэгдээд явна гэсэн үг. Жишээлбэл, бид өнөөдөр авто замаар нэг тонн нүүрсийг 32 мянган төгрөгөөр гаргаж байгаа. Төмөр зам ашиглалтад ороход найман мянган төгрөгөөр гаргана. Тэгэхээр ашгийн хэмжээ энэ зөрүүний хэмжээгээр нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр иргэдэд очих өнөөдрийн 96 мянган төгрөгийн суурь дээр нэмэгдэл орох эдийн засгийн болон бизнесийн орчин бүрдэж байна гэж ойлгож болно” гэсэн юм.
Тавантолгойн ордын нөөц олон улсад хүлээн зөвшөөрөгддөг жорк стандартаар тооцоход 7.6-8 тэрбум тонноор хэмжигдэж буй. Бид нүүрсний экспортоос авч үлдэх үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж, өртөг багатайгаар хил дээр аваачих ёстой. Нүүрсээ төмөр замаар тээвэрлэхэд 1 тонн тутамд 30 ам.доллар хэмнэгдэж, манай эдийн засагт шингэж үлдэх тооцоолол бий. Экспортын хэмжээг нэмэгдүүлэхтэй зэрэгцэн дэд бүтцийн шийдлээр Монголд үлдэх мөнгөний хэмжээг өсгөх боломж бийг дахин тодотгоё.
Дашрам дурдахад, нүүрстэй улс ганц манайх биш. Австрали, ОХУ гээд өрсөлдөгчид бидэнд бий. Сүүлийн мэдээллээс үзэхэд манай “өрсөлдөгч” ОХУ тун удахгүй төмөр замаар БНХАУ руу нүүрсээ экспортлох гэж байна. Ингэхдээ Казахстаны нутгаар дамжин тээвэрлэхээр ид хэлэлцээ хийж байгаа бөгөөд талуудын ойлголцол өндөр түвшинд байгааг ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж буй юм. Тэгэхээр Монголын Засгийн газар төмөр замын дэд бүтцийг урагшлуулахын тулд цаг алдахгүй байх хэрэгтэй юм.
Мөн сануулахад, ОХУ Зүүн Сибириэр БНХАУ-тай нарийн царигийн төмөр замаар холбогдож, жилийн 20-25 сая тонны хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулан, аж үйлдвэрийн цогцолбор хэлбэрээр өмнөд хөршийн зах зээлд нүүрс нийлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна.
Харин манай тухайд өмнөх засаг төрийн үеийн туйлбаргүй байр байдлаас болж Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам гацсаныг хаа хаанаа мэднэ. Барих гүйцэтгэх ажил нь 2017 онд эхлээд 2019 он гэхэд дуусчихна гэгдэж байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг төр засгийн нөхөд хөрсөн дээр буулгахаар анхаарч буйгаа хэлж байгаа. Төр, хувийн хэвшлийн оролцоог хангах зохицуулалт нь мэдээж төрийн хийх ажил. Гэхдээ хөрөнгө мөнгөнөөс гадна нэг том асуудал байгаа нь төмөр замын хил холболтын цэг. Энэ бол хоёр улсын хооронд ярьж тохирох ёстой сэдэв гэдгийг албаныхан бас хэлдэг.
Ер нь бол Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам гацсаны улмаас нүүрсний компаниуд ихээхэн алдагдал хүлээж, улсын дансанд орох мөнгөний хэмжээ ч буурсан байр байдалтай өнөөдрийг хүрснийг “Энержи ресурс”-ын гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлж байсан. Тонн нүүрс тээвэрлэх өртөг өсөөд л байдаг. Дэд бүтцийн тохирсон шийдэлгүй, хил гаалийн нэвтрүүлэх чадвар сул байснаас нэг л компани гэхэд жилд 40 сая ам.долларын алдагдал хүлээж байна гэж байв. Ер нь бол төр, хувийн хэвшил ялгаагүй л ашиг орлогоо нэмэгдүүлэхэд төмөр замын тээвэр чухал шаардлагатай байгаа хэрэг юм.
Нүүрсний төмөр замын тээвэртэй холбоотой чихэнд чимэгтэй мэдээлэл бас бий. Тодруулбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Үндэсний бүтээн байгуулалтын ажлыг энд дурдах хэрэгтэй. 414.6 километр төмөр замыг Монголчууд өөрсдөө барьж, байгуулахаар гараанаас гарсан. “Оросын төмөр замууд” НХН Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажилд оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа. Энэ чиглэлийн зам баригдсанаар Тавантолгой төдийгүй Оюутолгой, Цагаан суварга, Хармагтай зэрэг арвин баялаг нөөцтэй орд газруудын үнэ цэнэ улам бүр нэмэгдэх боломж бүрдэх юм.
Төгсгөлд нь, Дэд бүтэц бас дахин дэд бүтэц, тэрдундаа нүүрсний тээвэрт төмөр замын дэд бүтэц ус агаар шиг чухал гэдгийг хэлье.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.