Нийтийн тээврийн салбарт хуримтлагдсан өрийн асуудлыг шийдвэрлэв

Нийтийн тээврийн салбарт хуримтлагдсан өрийн асуудлыг шийдвэрлэв
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийтийн тээврийн салбарт үүссэн өр, авлагын тухай  авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэв.Танилцуулгыг Нийслэлийн Засаг Даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Танилцуулгад дурдсанаар 2020 оны хоёрдугаар сарын байдлаар 8.1 тэрбум төгрөгийн өр авлага үүссэн байгаа нь нийтийн тээврийн салбарыг хүнд байдалд оруулж байгаа аж. Тухайн өр, төлбөр нь хэд, хэдэн хүчин зүйлээс шалтгаалан үүсчээ. Тухайлбал,  нийтийн тээврийн хэрэгслүүд хуучирсан эвдрэл гэмтэл ихтэй, дизель түлшний онцгой албан татвар, валютын ханш өссөн, Хуучин “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын  2012 онд хийсэн гэрээний дагуу троллейбусны зохиогчийн эрхийн  төлбөрт  2018 оны Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 0727 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1306 тоот магадлалаар 1,8 тэрбум төгрөг төлж барагдуулснаас дээрх өр хуримтлагдсан аж.Хэлэлцэж буй  асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид асуулт санал хэлэв. Тэргүүлэгчдийн олонх нь нийтийн тээврийн компаниудын менежментийг шүүмжилж байв. Улмаар 2012 оноос хойш өр төлбөр хуримтлагдтал явсан байдлыг цаашид засаж  залруулан нийтийн тээврийн хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагатай гэж үзэв.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Эрдэнэбат: -Зорчигч тээврийн компаниудын авлага хэр байна вэ,  нийтийн тээврийн компаниуд дампуурах хэмжээнд хүрчихсэн юм биш биз. Санхүүгийн зохистой харьцааны тооцоолол байгаа юу, өргөн барьсан төслийг дэмжиж байна. Зориулалт, зарцуулалтыг өөрчлөх бус зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх гэж байгаа учраас шийдвэрлээд явах нь зүйтэй.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Ганхүү: -Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа 1000 гаруй автобусын 80 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа. Энэ онд нийтийн тээвэрт 100 хувь парк шинэчлэл хийхээр төсөв суулгасан. Хуучин автобуснууд сэлбэг хэрэгсэлдээ их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа. Нийтийн тээврийнхэн тэвчиж болох зардлаа хэмнээд, төсөвт ачаалал үүрүүлэхгүй байхаар төлөвлөж байна.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч П.Батчимэг: -Нийтийн тээврийн салбарт үүссэн өр авлага их байна. Энэ үүссэн 8.1 тэрбум төгрөгийн өрийг хэн хариуцах ёстой вэ?

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: -Өмчит үйлдвэрийн газрын дарга, удирдлага хариуцна. 2012, 2013 оноос эхлэлтэй. Нийтийн тээвэрт смарт картыг нэвтүүлсэнээс үүдсэн өр их бий.

“Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Ерөнхий нягтлан бодогч С.Түмэн-Ундармаа: -Зорчигч тээврийн нэгтгэл 2014 онд нэгдэхдээ дөрвөн тэрбум төгрөгийн өртэй нэгдсэн. Смарт системд шилжихэд 2015 онд өрийн хэмжээ 2.5 тэрбум болтлоо буурсан. 2016 онд 6.2 тэрбумын өртэй хүлээж авсан. 2017 онд энэ өрийг дөрвөн тэрбум болтол бууруулсан. Бидний өөрсдийн үйл ажиллагаанаас хамаарахгүй гэнэтийн өр төлбөрийн асуудал үүсэн тул өнөөдөр асуудлыг танилцуулж байна. Гэнэтийн өр төлбөр гэдэг нь цахилгаан тээврийн шүүхийн асуудал, смарт картын системд шилжсэнээр орлого буурсан нь өнөөдрийн энэ өр үүссэн.

Нийслэлийн Засаг Даргын  Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр  орлогч Ж.Батбаясгалан: -Нийтийн тээвэр бол үнийг нь хүчээр барьж ачааллыг нуруун дээрээ авч яваа салбар. Үнэ тарифын асуудалтай үүссэн өр төлбөрийн асуудлыг өнөөдөр ярьж  байна. Бид буруу хайхаас илүүтэй асуудлаа шийдвэрлээд явах нь зүйтэй.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: -Энэ өмчит үйлдвэрийн газрын дарга нар ойлго. Айлын эрх хүүхэд шиг зориуд ийм асуудал үүсгээд дараа нь урвайгаад суудаг. Ардаа нэг том шантаажтай. Та нар шийдэхгүй бол ажил хаяна гэж айлгадаг. Өөрсдөө менежмент үйл ажиллагаагаа сайжруулдаггүй. Үүний ард нийслэлийн 1.5 сая хүн хохирох ёсгүй. Тиймээс  өнөөдөр асуудлыг шийднэ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид саналаа хэлж, нийслэлийн 2020 оны төсөвт батлагдсан машинт цагийн зардлын санхүүжилтээс урьдчилан санхүүжүүлэхээр боллоо.  

Мөн Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн ойгоос бэлтгэх модны дээд хэмжээ батлах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгын танилцуулснаар 2016-2019 нийт 1137 га талбайд цэвэрлэгээний ажил, цэвэрлэгээний огтлолтыг явуулж нийт 27400 куб метр модыг бэлтгэжээ. Нийслэлийн ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлээний зориулалтаар  нийт 19200 куб метр гишүү мөчир, улинги бэлтгүүлэн, нийслэлийн төсөвт 154,0 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Харин энэ онд нийслэлийн ногоон бүсийн 230 га газраас 5100 куб метр мод бэлтгэхээр төлөвлөснийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар дэвжив.

Тэргүүлэгчдийн хурлын төгсгөлд Сонгуулийн саналын хуудас устгах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эксперт: Коронавирусийн халдвар томуу шиг УРТ ХУГАЦААНД үргэлжилж магадгүй 2020-02-21

Японд хоёр сурагч коронавирусээр халдварлажээ 2020-02-21

“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ”-нд гарын үсэг зурлаа 2020-02-21

БНСУ-аас 100 монгол иргэн МИАТ-ийн нислэгээр Ням гаригт ирнэ 2020-02-21

Төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний салбарт НОГООН ГЭРЭЛ АСНА 2020-02-21

Нийтийн тээврийн салбарт хуримтлагдсан өрийн асуудлыг шийдвэрлэв 2020-02-21

​Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны хураамжийг бүх орон сууцанд ижил тогтооно 2020-02-21

“Diamond Princess” нүүлгэн шилжүүлсэн зорчигчдоос вирус илэрчээ 2020-02-21

Хилчид цасан шуурганд уруудан, хил давах шахсан 1000 гаруй малыг эздэд нь хүлээлгэн өгчээ 2020-02-21

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав 2020-02-21

БНСУ-аас ирэх 100 иргэнийг 14 хоног тусгаарлана 2020-02-21