Муурны дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлдэг хавсралт бүтээжээ

Муурны дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлдэг хавсралт бүтээжээ

“Amazon” компанийн “Alexa” ухаалаг туслахыг хөгжүүлэгчдийн  нэг инженер Хавьер Санчес муурны гаргаж буй дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлдэг хавсралт бүтээжээ.

“MeowTalk” нэртэй энэхүү аппликейшн нь муурны гаргаж буй авиагаар нь юу илэрхийлэхийг хүсэж байгааг нь таних зориулалттай аж. Тэжээвэр амьтныхаа зан үйл, юунд дуртайг нь мэддэг хүмүүс мөн хиймэл оюун ухааны бий болгох энэхүү мэдээллийн санд оролцох боломжтой.

Одоогоор хавсралт “Намайг хоолло”, “Би ууртай байна”, “Надаас холд” гэх мэт муурны илэрхийлж болох 13 хэллэгээр хязгаарлагдаж байна. Шинжлэх ухааны судалгаанд дурдсанаар, мууранд бусад мууранд ойлгогдох нийтлэг хэл гэж байдаггүй аж. Өөрөөр хэлбэл, муурны гаргаж буй дуу авиа бүр өвөрмөц байдаг бөгөөд муур бүхэн өөрийн гэсэн авиаг гаргадаг байна.

Иймд уг хавсралтыг өөрт тохируулан хэрэглэх боломжтой аж. Уг хавсралт нь муурны авиаг бичиж, хиймэл оюун ухаанд таниулахын тулд давхцалыг нь заана. Өөрөөр хэлбэл, хавсралтыг ашиглах тусам муурны илэрхийллийг ойлгоход хялбар болно гэсэн үг юм. Үүнээс гадна хөгжүүлэгчид мууранд зориулсан ухаалаг хүзүүвч бүтээхийг зорьж байна. Тус хүзүүвч нь мөн муурны гаргаж буй дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлэх аж.

"Цар тахлын улмаас тусгаарлалтын арга хэмжээг дагаж мөрдөж буй хүмүүс дийлэнх цагаа гэртээ гэрийн тэжээвэр амьтантайгаа өнгөрүүлж буй учир иймэрхүү зүйл бүтээх нь чухал гэж бодож байна. Ийм хүзүүвч бүтээснээр хүмүүс тэжээвэр амьтантайгаа харилцах боломжтой” хэмээн Санчес хэлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.