АНУ-д өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол огцом нэмэгдсээр байна
АНУ цар тахлын хамгийн том голомт болоод байна. Сүүлийн өдрүүдэд Америк дахь короноавирусний халдвар улам ч хурдацтайгаар нэмэгдэж байгаа. Жишээлбэл, лхагва гарагт АНУ-д 195 мянга 600 гаруй хүнээс коронавирусний халдвар илэрсэн бол 2700 гаруй хүн нас барсан байна.
АНУ даяар халдвар авсан хүний нийт тоо 14 саяд дөхөж байгаа бол 264 мянга гаруй хүн нас барсан талаар BBC агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн өдрүүдэд цар тахлын тархац улам бүр тэлж байна. Лос -Анжелес хот халдвар өндөртэй бүсүүдийн нэгээр нэрлэгдэж байна. Үүнээс ч үүдэн тус хотын удирдлагууд иргэдийг орон гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.
Хүн амынхаа тоогоор АНУ- д тэргүүлдэг Калифорни, Техас, Флорида мужууд мөн л халдвар өндөртэй бүсийн тоонд багтаж байна. Дээрх муж бүрд халдвар авсан хүний тоо 1 саяыг давжээ. Халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэж байгаа нь талархлын баяраар дотоодын аялал идэвхэжсэнтэй холбоотой гэж албаныхан тайлбарлаж байна. Үүнээс ч үүдэн Зул сарын баяраар өөр муж, хот уруу аялал хийхээс аль болохоор татгалзахыг Америкийн Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх төвөөс уриалжээ.
Энэ хооронд Америкийн эрүүл мэндийн албаныхан эм үйлдвэрлэлийн Модерна компанийн туршилтын вакциныг яаралтайгаар ашиглаж эхлэхийг зөвшөөрөх эсэх асуудлыг энэ сарын 10-нд хэлэлцэх бол өөр нэгэн компани болох Пайзерийн вакциныг бүртгэлжүүлэх асуудлыг 17-нд хэлэлцэнэ. Пайзерийн вакцин Их Британи улсад аль хэдийн зөвшөөрөгдөөд байгаа юм. Америкийн албаныхан юун түрүүнд улсынхаа эрүүл мэндийн салбарын 21 сая ажилчдаас гадна асрамжийн төвүүдэд байгаа 3 сая ахмадыг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байна. Гэхдээ мужууд вакцинжуулалтыг хэрхэн явуулахаа өөрсдөө шийдэх эрхтэй юм.
Үүнээс гадна Америкийн энгийн иргэд вакцинжуулалтыг хэр дэмжиж байгаа вэ гэдэг асуудал яригдаж байна. Саяхны судалгаанд оролцогчдын 58 хувь коронавируснй эсрэг тарилгад хамрагдахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Дашрамд дуулгахад, Америкийн арчилсан намын зарим гишүүн эдийн засгийг тэтгэх 908 тэрбум ам.долларын хөтөлбөрийг батлахыг дэмжих төлөвтэй байгааг хэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.