Солонгос улсад их сургуульд элсэх шалгалт зохион байгуулагдаж байна
БНСУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ч тус улсын Боловсролын яам их сургуульд элсэн орох шалгалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Арван жилээ төгсөгчдийн ирээдүйд маш чухал нөлөө бүхий энэхүү шалгалтад коронавирусний халдвар авсан сурагчид ч орж байгаа аж.
Энэ жилийн их сургуульд элсэн орох шалгалтад ахлах сургуулиа дүүргээд байгаа 500 мянга орчим сурагч хамрагдаж байна. Гэхдээ энэ жилийн шалгалтад хамрагдагсдын тоо өнгөрсөн жилийнхээс 10 хувиар бага байгааг Ёнхап агентлаг онцолжээ. Ер нь 1994 оноос хойш их сургуульд элсэн суралцахаар шалгалтад өгөгсдийн тоо 500 мянгад хүрээгүй анхны тохиолдол энэ болж байна.
Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол дахин нэмэгдэж байгаагаас үүдэн эрх баригчид зарим арга хэмжээг чангатгаж эхлээд байна. Солонгос улсын их сургуульд элсэх шалгалт хүнд, өрсөлдөөн ихтэй байдгаараа алдартай. Иймээс ч ахлах сургуулийн хүүхдүүд олон сарын турш тасралтгүй бэлтгэж, энэ шалгалтад ордог. Энэ жил Солонгос даяар 1300 гаруй шалгалтын төв ажиллаж байна. Сурагчид хүн хоорондын зайг баримтлахаас гадна амны хаалт зүүсэн байх ёстой. Шалгалтад хамрагдагсдын дотор коронавирусний халдвар авсан 35 өвчтөн байгаа юм. Тэднийг эмнэлэгт тусгаарлаж, тусад нь шалгалт авч байна.
Англи хэлний шалгалтын сонсох дасгалын үеэр дуу чимээг багасгах зорилгоор цэргийн сургуулилтыг хориглож, онгоцны нислэгийг түр хугацаанд зогсооно гэдгийг БНСУ-н Боловсролын Яамнаас мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.