БНСУ-ын нийслэлд шинжилгээний 150 гаруй төв нээлээ
БНСУ-ын засгийн газар коронавирусний халдварын тархалтыг бууруулахаар гурван долоо хоногийн турш эрчимтэй арга хэмжээ авч байна. Гэвч тус улсад сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварт тохиолдлын тоо буурахгүй байна. даваа гарагт бага зэрэг буурсан ч мягмар гарагт халдварт 900 орчим тохиолдол бүртгэгдэж, эргээд нэмэгджээ.
Халдварыг сааруулах эрчимтэй арга хэмжээний хүрээнд ард иргэдээ шинжилгээнд өргөнөөр хамруулахын тулд нийслэл Сөүл хот орчимд шинжилгээний 150 гаруй түр эмнэлэг байгуулжээ. Шинжилгээний байрууд ирэх оны 1 дүгээр сарын 3 хүртэл иргэдийг коронавирусний шинжилгээнд үнэгүй хамруулах юм байна. Тус улсад халдвар авсан ч шинж тэмдэг илрэхгүй тохиолдол нэмэгдэж байгаа юм байна.
Одоогоор тус улс халдвартай хүмүүсийн хавьтлыг илрүүлэх, шинжилгээнд аль болох олон хүнийг хамруулахад чиглэсэн бодлого барьж байна. Хэрэв оношилгоо шинжилгээг нэмэгдүүлээд цар тахлын халдварыг бууруулахгүй бол нийгмээс зай барих хамгийн хатуу гуравдугаар түвшинрүү шилжиж магадгүйг тус улсын эрх баригчид анхааруулсан. Мөн тус улсын нийслэл Сөүл хотын харьяалалтай бүх цэцэрлэг, бага болон тусгай сургуулийн хичээлийг энэ сарын 15-наас 31-нийг дуустал цахим хэлбэрт шилжүүлээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.