2021 оны эхний улиралд вакцин оруулж ирэх боломжтой боллоо.
“KOBAKC” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр талууд ярилцлаа гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдлээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицаг өнөөдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар Ковид-19 вирусын цар тахлын байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцсон байна.
Засгийн газар ДЭМБ-ын зөвшөөрсөн, чанартай вакциныг хурдан оруулж ирэх зорилготой байгааг онцолжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх КОВИД-19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр НҮБ, ялангуяа Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад тусламж, дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлж байгаа явдалд талархал илэрхийлээд, цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг хяналтад авах чиглэлээр өгч буй мэргэжил, арга зүйн зөвлөгөө нь чухал ач холбогдолтой болохыг хэлсэн байна.
Мөн Суурин төлөөлөгч С.Диордица олон улсад хөгжүүлж буй зарим вакцины явцын талаар мэдээлэл өгсөн аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.