Замын хөдөлгөөнд оролцох 800 таксинд зөвшөөрөл олгоно

Замын хөдөлгөөнд оролцох 800 таксинд зөвшөөрөл олгоно

Эрүүл ахуйн дэглэм мөрдүүлсний үндсэн дээр 800 такси замын хөдөлгөөнд оролцох болсныг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.

-Баянзүрх дүүрэгт үүссэн коронавирусний халдварын нөхцөл байдлыг тодорхой хэлнэ үү?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний халдвартай хүн энэ сарын 16-нд илэрсэнээс хойш 62 тохиолдол батлагдлаа. 35 өвчтөний 8 нь энэ сарын 11-16-нд эмнэлэгт эмчилгээ хийлгээд гарсан, 12 нь эрүүл мэндийн ажилтан, 6 сахиур, 9 нь гэр бүлийн хүн. Энэ голомт 11-нд хэвтэн эмчлүүлсэн хүнээс эхлэлтэй эсэх, халдвар хэрхэн тархсан судалгаа хийж байна. Өнгөрсөн 2 хоногийн халдварын тооноос харахад өвчилсөн хүний тоо нэмэгдэх магадлалтай. Тус дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болон ажилчдад  эрсдэлийн үнэлгээ хийж, хүүхдүүдийг шинээр нээсэн эмнэлэгт, зарим ажилчдыг тусгаарлах байранд шилжүүллээ. Одоогоор 248 үйлчлүүлэгч, эмч, эмнэлгийн ажилтан тусгаарлагдаад байна.

-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ХӨСҮТ-г шалгаад халдвар хамгааллын дэглэм зөрчсөн дүгнэлт гаргасныг тайлбарлана уу?

Я.Содбаатар: Эрсдэлтэй хэд хэдэн цэг бий. Хилийн боомтоор халдвар дамжин орж ирэх магадлал өндөр. Гадаадаас 4 онгоцоор иргэдээ татан авч, 500 гаруй хүнийг тусгаарлаад байна. Эндээс 7 хүн халдвартай нь батлагдсан. Өнөөдөр Японоос ирсэн иргэдийн шинжилгээний хариу гарна. Эрсдэлтэй дараагийн цэг нь эмнэлэг. ХӨСҮТ-ийн гурван тасгийн эмч, сувилагч ажилтнаас халдвар гарсан. Халдвар, хамгааллын дэглэм алдагдаж байгааг таслан зогсоох, эм, эмнэлгийн хэрэгслийн устгал, бохир шугамын хоолойн талаар гээд олон асуудал ирсэн. Ажлын хэсэг зохион байгуулалтын чанартай арга хэмжээ авах дүгнэлт гарган, Эрүүл мэндийн сайдад чиглэл өгсөн. Жилийн турш энэ байгууллага хүн оруулахгүй орчинд байгаа. Энэ үед техникийн үзлэг хийх, зарим тасгийн шүршүүр эвдрэх, цонх хаалга солих асуудал ч гарсан. Мөн эмнэлгийн ачааллыг бууруулах дүгнэлт гарсны дагуу ХУД-ийн эмнэлэг рүү өвчтөн шилжүүлж байна. Энэ 7 хоногийн сүүлээр бүрэн хүчин чадлаараа хэвийн горимд ажиллана.

-Вакцинийг нэгдүгээр улиралд оруулж ирэх талаараа дэлгэрүүлж мэдээлнэ үү?

Я.Содбаатар: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сайн чанартай вакцин оруулж ирэхээр гурван чиглэлээр хөөцөлдөж байна. НҮБ, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагын шугамаар “Ковакс”  механизмын хүрээнд манай улс 660 мянган хүнийг вакцуинжуулна. ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн мэдээлснээр ирэх оны эхний улиралд буюу 4 дүгээр сарын нэгнээс өмнө вакциний эхний ээлж ирнэ. Мөн Азийн болон барууны орнуудтай улс хоорондын хүрээнд вакциний асуудлаар тусламж дэмжлэг авах яриа хэлэлцэээ хийж байна. Түүнчлэн, вакцин үйлдвэрлэдэг Европ, АНУ-ын бүртгүүлсэн 3 вакцин болон хөрш 2 оронтой гээд 5 вакцин үйлдвэрлэгчтэй вакцин худалдан авах боломж, нөхцөлийн талаар ярьж байгаа. Сангин сайд тухай бүрт нь танилцуулна. Төлөвлөгөөний дагуу голомтод ажиллаж байгаа, эрүүл мэнд, онцгой байдлын ажилчдаас эхлэн вакцинжуулна.

-Хөл хорионы дэглэмийн үед 15 чиглэлийн байгууллага ажиллахад автомашинаар яаж зорчих вэ?

Засаг даргын орлоргч Ж.Сандагсүрэн: Энэ удаа урьдын адил зөвшөөрсөн 15 чиглэлийн байгууллагаас бусад иргэдийн зорчих эрхийг хязгаарласан. Зөвшөөрсөн 15 чиглэлийн нийт 23 мянган QR кодыг бүртгэлжүүлсэн. Нэмээд гэр бүл, хүүхэд хамгаалллын чиглэлийн байгууллагад код олгоно. Мөн такси үйлчилгээний 800 машин үйлчлэхийг зөвшөөрсөн. Эрүүл ахуйн дэглэм мөрдүүлээд 2 хоногийн дарааа 800 такси хөдөлгөөнд оролцоно. Нийслэлд 411 мянган өрх байдгийн 205 280 нь автомашинтай. Нийтийн тээврийн үйлчилгээг явуулахаас өөр аргагүй. Нийтийн тээврээр 40-50 мянган орчим иргэнд үйлчлэх хүчин чадал бий. Горим зөрчихгүй нэг автобусанд 15-20 хүн тээвэрлэх боломжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.